Saturday, May 12, 2012

ХАРЬ ГАРИГИЙН ГЭМЭЭР 10 ГАЗАР

    Сансар огторгуйг судалж эхлэх үед ачаагаа баглан Плутон гариг руу нүүх эсвэл амралтаараа Саран дээр хоёр долоо хоногийг өнгөрөөх цаг тун ойрхон байна гэж хүн төрөлхтөн санадаг байлаа. Бүр Сугар гариг дээр тосгодууд баригдана, Ангараг гариг дээр мод ургуулна, харь гаригийн иргэншилтэй холбоо тогтооно гэх мөрөөдөгчид байв. Гэвч хагас зууны дараагаар эдгээр таамаглал биелэх боломжгүй гэдэг нь ойлгомжтой болсон билээ. Учир нь хүн төрөлхтөн оддын ертөнцийг бус хийсвэр ертөнцийг эзэмших аянд гарсан юм. Өдгөө бүх юм гар дор байгаа учраас гэрээсээ ч гарах шаардлагагүй болжээ. Гэсэн ч өөр ертөнцөд нөхцөл байдал ямар байдгийг үзэх хүсэл хэзээ нэгэн цагт заавал төрөх нь дамжиггүй. Иймээс дэлхий дээр оршдог атал харь ертөнцийг санагдуулам гайхалтай 10 газрыг “Форбс” сэтгүүл сонгон танилцуулж байна.
1.Сокотра олтриг (Socotra), Йемен
Дэлгэрэнгүй дээр дарж видео бичлэгүүдийг үзнэ үү!
Ойролцоогоор 6 сая жилийн тэртээ Африк тивийн хуурай газраас нэгээхэн хэсэг нь салж Арабын хойгийг чиглэн нүүсэн юм. Ингэж нүүх замдаа дөрвөн арал болж бутарсан ч Африк тивээсээ 200 орчим км газар л холдож чаджээ. Гэхдээ энэ замыг 6 сая жил туулсан байдаг юм. Энэ хугацаанд эдгээр арал дээр давтагдашгүй гайхалтай экосистем бүрэлдэн тогтжээ. Эдгээр арал дээр ургадаг ургамлын 1/3-ээс ч илүү олон төрөл зүйл, хэвлээр явагчдын төрөл зүйлийн 90 хувь нь, мөн шавжуудын бараг бүх төрөл зүйл нь дэлхийн аль ч өнцөг буланд байдгүйгээрээ онцлогтой. Гэхдээ ингэж хэлснээрээ уг газарт дохиогоор харьцаж чаддаг, найман гартай, таван нүдтэй амьтад байдаг гэсэн үг биш юм. Энд “цөмийн мөөг”-ийг санагдуулам, жил бүр “цусаар уйлдаг” луун мод (dragon-tree), тогтсон хэлбэргүй, орой дээр нь “өргөст хэмх” ургадаг Dendrosicyos socotrana болон Сокотрагийн цөлийн сарнай гэх сонирхолтой, содон моднууд ургадаг.
Эх газраас алслагдсан хэдий ч эдгээр арал дээр 1.5 сая жилийн өмнөөс хүмүүс суурьшиж эхэлсэн гэдэг нь саяхан тодорхой болжээ. 2008 онд Оросын археологич Валерий Жуков эндээс 2.7-1 сая жилийн тэртээх үед хамаарагдах олдувайн соёлын чулуун зэвсгүүдийг илрүүлсэн юм. Тэртээх элэн галавын он жилүүдэд энэ арал дээр хүмүүс хэрхэн ирсэн нь ойлгомжгүй. Тиймээс энэ олдвор маш их шуугиан тариад байгаа. Харин өнөө үед бол хүмүүс Сокотра уруу ямар ч техникээр хүрэх боломжтой билээ. Ерөнхийдөө хоёр, гуравдугаар сарын үед явах нь их тохиромжтой. Бусад саруудад, ялангуяа тавдугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд Сокотрад цаг агаар туйлын тааламжгүй, эцэс төгсгөлгүй бороо орж, явахын аргагүйгээр салхи шуурдаг ажээ.
2. Рорайма уул (Roraima), Венесуэл
1839 онд Германы аялагч, судлаач Роберт Шомбургкийн судалгааны багийнхан Британийн Гвианад аялахдаа шууд утгаар хэлэхэд үүлтэй нийлсэн хананд тулж очжээ. Уг нь энэ бол уул байв. Гэхдээ тун өвөрмөц уул. Оройг нь маш том хутгаар огтолсон мэт хавтгай тавцантай. Дээрх аяллынхаа тухай бичсэн Шомбургкийн тайланг тухайн үед ноён Артур Конан Дойль олж харан “Орхигдсон ертөнц” хэмээх гайхалтай зохиолынхоо үндэс болгосон түүхтэй.
1950-иад оны үед Сугар гаригийн талаарх зохиогчдын зөгнөл Рорайма уулын орой дээр биеллээ олсон гэж хэлж болно. Байнга зүсрэх бороо нь дэлхийд хаана ч байхгүй хачирхалтай хөрсийг усалж байдаг. Рорайма уул бол Өмнөд Америк Африктай нэг тив байсан тэр цагт оршиж байсан маш том элсэн чулууны хэлтэрхий бөгөөд Өмнөд Америкийн ширээт уул, тепуигийн нэг юм. Тепуи нь нутгийн индианчуудын хэлээр “Бурхадын өргөө” гэсэн утгатай ажээ. Гэхдээ энэ “өргөө” нь туйлын тухгүй газар. Байнга зүсрэх бороо нь хөрсөн дахь тэжээлтэй бодисуудыг урсгачихдаг учраас ургамалд амьдрах боломж олддоггүй. Гэхдээ байгалийн ширүүн нөхцөл байдлыг сөрөн амьдарч чадсан ургамал, амьтдын төрөл зүйл нь дэлхийд мөн л цорын ганцад тооцогдоно. “Up” буюу “Өөд” хэмээх хүүхэлдэйн киног бүтээгчид уран бүтээлээ туурвихаас өмнө зориуд энэ уулыг зорьж очсон нь ч учиртай. Тус киноны найруулагч Питер Доктер энэ аяллаар үзсэн харснаа ерөнхий байдлаар л  тусгасан гэж сүүлд үнэнээ хэлсэн байдаг. “Тэнд үзсэн зүйлс маань бодит байдлаас хэтэрхий хол байсан. Кинондоо нарийвчлан оруулсан бол үзэгчид итгэхгүй байх байсан биз ээ” гэж дурсаж ярьсан байдаг.
3. Уюни хужирт тойром (Salar de Uyuni), Боливи
Зарим хүн энэ газрыг “тэнгэр газрын зааг” гэж тодорхойлдог ч энэ нь тийм ч оновчтой зүйрлэл биш болов уу. Ерөөс хаа сайгүй тэнгэр мэлийдэг учраас тэнгэр дээр гишгэж, явж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ газрыг дэлхийн хамгийн том толь гэж нэрлэмээр. Энэ толинд хязгаар үгүй, тэнгэрийн хаяа шүргэдэг.
Уюни нь дэлхий дээрх хамгийн том хужирт тойром юм. Ширгэж буй давст нуурын хөрсөнд хэдэн мянган жилийн нөөцтэй байгалийн баялаг, эрдэс бодисууд хадгалагддаг. Байгаль дээрх хачирхалтай тогтоц нь энэ газрыг дэлхийн хамгийн өвөрмөц газрын нэгд зүй ёсоор багтаах үндэс нь болсон юм. Хуурай улирлын үед энэ газар цав цагаан хөндий шиг харагддаг. Харин бороо орсон үед энэ хөндий тэнгэрийг гайхалтай тод тусган харуулдаг. Бороо орсон үед хэдэн см-ээс хэтрэхээргүй гүнтэй ус тогтдог учир хөл доорх “тэнгэр, үүлнүүд” дээр гишгэх их зугаатай. Үүнээс гадна жил бүрийн арваннэгдүгээр сард энэ нууранд маш ховор төрлийн, олон өнгийн дэглийнүүд (фламинго) сүрэг сүргээрээ нисч ирдэг. Гэхдээ Уюниг зорихыг хүссэн хүмүүст анхааруулахад, энэхүү нуур далайн түвшнээс дээш 3500 м-ийн өндөрт оршдог учраас агаарт нь дасах шаардлагатай болдог юм шүү.
4. “Давалгаа” хэмээх галерей (The Wave), АНУ
Элс, чулууны энэхүү гайхалтай зохицолыг “Давалгаа” гэх агаад Америкийн Юта, Аризона мужуудын дунд байрладаг. 200 сая жилийн турш хүчтэй шуурганууд энэ газарт геометрийн маш гоё дүрсүүдийг бий болгож чаджээ. Урьд цагт элсэн манхан байсан энэхүү газар цаг хугацаа, байгалийн хүчин зүйлс дор уг төрхөө олж авсан бөгөөд өдгөө зурагчдын хамгийн их очих дуртай газрын нэг болсон байна. Зурагчид гэлтгүй Аризоны энэхүү гайхамшгийг нүднийхээ булангаар ч болов олж харах гэсэн хүний тоо хэт их байдаг учраас орон нутгийн удирдлагууд нь хязгаарлалт тавихад хүрээд байгаа ажээ. Өдөрт 20 хүнд л энэхүү гайхамшгийг үзэх зөвшөөрөл олгож байгаа гэнэ. Ингэхдээ эхний 10 хүнийг нь дөрвөн сарын өмнө, үлдсэн 10 хүнийг нь явахын урьд өдөр сугалаагаар тодруулдаг болжээ. Яагаад ч зөвшөөрлийг нь олж авч чадахгүй бол Юта мужид орших ижил төстэй элсэн манхнуудыг үзэх боломжтой. Тэд Аризонагийн “Давалгаа”-г гүйцэхгүй ч дуртай үедээ очиж үзэх боломжийг олгодгоороо давуу юм.
5. Хуурай хөндий (Dry Valleys), Антарктид
Дэлхийн хамгийн хуурай газар бол Сахар ч биш, Монголын Говь ч биш. Харин Хуурай хөндий хэмээх нэртэй Антарктид дахь газар юм. Энэ хөндий мөсөөр хучигдаагүй, Антарктидын хамгийн том хуурай талбайд тооцогддог ба Викторийн, Райтын, Тейлорын гэсэн 3 хөндийгөөс бүрддэг. Хөндийн зарим хэсэгт нь чийг хур буулгүй 2 сая орчим жил болж байна.
Хуурай хөндий нь уулсаар хүрээлэгдсэн байдаг ба гравитацийн нөлөөллөөр эдгээр уулнаас 300 орчим км/ц-ийн хурдтайгаар хүйтэн, нягт агаарын урсгал бууж ирдэг. Ийн буух замдаа ус, цас, мөс гээд дайралдсан бүхнээ хамж оддог. Үүгээрээ Ангараг гариг дээрх цаг агаарын үзэгдлийг санагдуулдаг байна. Хуурай хөндийн уулсад амьд төрөл зүйл орших нөхцөл байхгүй хэдий ч эрдэмтэд хавцлуудын тэгш бус хэсгүүдээс энэхүү агаарын урсгалаас нуугдаж үлдэх чадвартай бичил биетнүүдийг илрүүлсэндээ туйлын их баяртай байгаа.
Тейлорын хөндийн мөсөн гол дор бас нэгэн сонирхолтой бичил биетнүүд амьдардаг. Агааргүй орчинд (анаэроб) амьдардаг энэхүү бичил биетнүүд нь хүхэр, төмрийг боловсруулж чаддаг бөгөөд энэхүү үйлдлийн үр дүн нь устай хамт гадарга дээр гарч ирснээр Цусан хүрхрээг үүсгэдэг. Төмрийн оксидоор будагдсан энэ хүрхрээний ус мөсний цагаан фон дээр их аймаар харагддаг. Аньж амжаагүй шархнаас цус садарч байгаа мэт сэтгэгдэл төрдөг юм.
6. Тинто гол (Rio Tinto), Испани
Эртний ибер, тартесс омгийнхон Сьерра-Морена ууланд ашигт малтмал боловсруулж байсан түүхтэй. 5000 жилийн тэртээгээс энэ уулнаас төмөр, зэс, мөнгө, алт, марганц гээд юу эсийг олборлов. Гэтэл энэ уулнаас Тинто гол эхээ авдаг юм. Тэр их ашигт малтмал голын ус уруу зайлшгүй орж ойр тойрны газруудад түгсээр өдийг хүрчээ.
Энэ нутагт уурхайн ажилчдаас өөр амьд биет байхгүй гэмээр. Гэвч байгаль эх дурмэдэн Антарктидын Цусан хүрхрээг үүсгэгч экстремофил бичил биетүүдийг энд нутагшуулж орхив. Эдгээр нь амьд бие махбодид хортой гэх бүх бодисуудыг баяртайгаар боловсруулж эхэлсэн юм. Үүний үр дүнд Тинто гол болон түүний ойр орчмын газар улаан, ногоон өнгөнд будагдаж, харин эрдэмтэд дэлхий ертөнцийн гадна амьдрал бий гэдэг найдварыг дахин олж авсан билээ.
Энэ нутгийн орчин ахуй нь Ангараг, Бархасбадь гаригуудыг санагдуулдаг. Харин эдгээр гариг дээрх амьдралыг бодитоор үзэх боломжийг энэ нутаг олгож байгаа юм.
7. Клилук буюу Толбот нуур (The Spotted Lake, Kliluk), Канад
Клилук хэмээх толбот нуур нь дэлхийн хамгийн сонирхол татам газрын нэг бөгөөд түүнийг хүн төрөлхтний мэдэж буй гаригуудын альтай нь ч зүйрлэх аргагүй. Давсны агууламж өндөртэй (дэлхийн бүх нууруудаас хамгийн өндөр агууламжтай), цаг уурын онцгой хүчин зүйлс нөлөөлдөг гэх шалтгаануудын улмаас халууны улиралд Клилук нь маш олон жижиг нуур болдог учраас хоорондох завсар зайгаар нь явах боломжтой болдог. Сонсоход сонирхолгүй мэт боловч очиж үзэхэд мартагдашгүй сайхан дурсамж үлдээдэг ажээ.
Нуурын давстай усыг нь эмчилгээнд их ашигладаг учраас нутгийн индианчуудын ширүүн эсэргүүцэлтэй тулахад хүрээд байгаа. Уугуул оршин суугчдын хувьд Клилук нь ариун дагшин газарт тооцогддог бөгөөд нэр нь маш олон домог, туульстай холбогдож, нутгийн соёлын салшгүй хэсэг болсоор иржээ. Тийм ч учраас 1979 онд энэ газрын албан ёсны (де-юре) эзэмшигч болох Эрнест Смит нуурын ойр орчимд сувиллын газар байгуулахыг оролдоход нутгийн уугуул оршин суугчид хүчтэй эсэргүүцсэн билээ. Дархан цаазат энэ газраа онгон хэвээр нь хадгалан үлдэх гэсэн индианчууд 20 гаруй жил тэмцэсний үр дүнд 2001 онд эзэмшигчээс нь 720 000 доллараар эргүүлэн худалдан авч чадсан түүхтэй. Энэ цагаас хойш нууранд очих хүсэлтэй хүмүүсийг хязгаарлаж эхэлсэн бөгөөд зөвхөн омгийн ахлагчаас зөвшөөрөл авч чадсан хүмүүс л үзэх боломжтой болсон юм. Зөвшөөрлийг авахад амаргүй тул ойролцоох зам дээрээс харах боломжтой байдаг.
8. Сарны хөндий (Vale da Lua), Бразиль
Сарны хөндий нь Бразилийн Шапада-дус-Веадейрус хэмээх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрт оршдог. Хүрээлэнгийн байрлаж буй газар нь 1.8 тэрбум жилийн тэртээд бүрэлдэн бий болжээ. Энэ газрын хад хавцлууд нь дэлхийн хамгийн эртнийд тооцогддог. Олон мянган жилийн туршид Сан-Мигель голын ус байгалийн кварцаас бүтсэн хаднуудыг “ирлэн” гайхалтай өвөрмөц хэлбэртэй болгожээ.
Энэ газрыг зорьсон хэн бүхэнд мартагдашгүй сайхан дурсамжууд үлдэх нь лавтай. Чулуужсан ургамал, амьтдын үлдэгдлийг харж болохоос гадна өдгөө ургаж буй гайхалтай ургамлуудыг харж болно. 2001 онд Шапада-дус-Веадейрус Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ЮНЕСКО Хүн төрөлхтний соёлын өвийн жагсаалтдаа бүртгэж авсан билээ.
9. Цинжи-дю-Бемарха (Tsingy de Bemaraha), Мадагаскар
Хэлэхэд хэцүү энэ нэр mitsingitsignia буюу өлмий дээрээ явах гэсэн утгатай малагай үгнээс гаралтай. Үнэндээ ч энэ газрыг зорьж очсон хэн бүхэнд хөдөлгөөний өөр төрөл санаанд нь орох ч үгүй биз ээ.
Үер усны нөлөөгөөр шохойн орд эвдэгдсээр алдартай чулуун ойг бий болгожээ. Хачирхалтай нь, чулууг нь нэвтлэн ховор төрлийн моднууд ургасан байдаг. Үүнээс гадна дэлхийн хамгийн ховорт тооцогддог лемур гэдэг амьтад энд амьдардаг. Шувууд нь ч мөн ховор төрлийнх байдаг. Ойн хормойд нь сонирхолтой хавцлууд, нууц агуйнууд болон Манамболо голын хар уснаас бүрдсэн уйдахааргүй орчин бий.
1927 онд энэ газрыг онгон дагшин хэвээр нь хадгалан үлдэхийн тулд дархан цаазат болгосон бөгөөд өнөөг хүртэл зарим хэсэг нь хүмүүст хаалттай хэвээр байгаа. Энд хүрэлцэн ирсэн хэн бүхэнд харь гаригт л ийм байдаг болов уу гэмээр сэтгэгдэл төрдөг ажээ.
10. Даллол галт уул (Dallol volcano), Этиоп
Энэ галт уулын цараас Бархасбадь гариг дээр юу болдгийг бэлхнээ харж болно. Дэлхийн хамгийн нам газар (далайн түвшнээс (-48 м)-ийн өндөрт) орших энэ галт уул байнгын идэвхтэй байдаг учраас ойр орчмынх нь газар тасралтгүй буцалж байдаг. Хамгийн сүүлд буюу 1926 онд дэлбэрснээс нь хойш харь гаригийн гэмээр нуур тогтсон юм.
Даллолын цар дэлхийн хамгийн халуун газарт тооцогддог. Энд жилийн дундаж дулаан нь Цельсийн 34 хэмд хүрдэг. Ийм халуун бөгөөд аюултай газар бичил биетнүүдээс өөр амьд биет орших боломжгүй. Чухамхүү эдгээр бичил биетэн л энэ аймшигтай газрыг гоёмсог өнгөөр будаж хүмүүсийн очих дуртай газрын нэг болгож чаддаг юм. Гэхдээ Даллолд хүрэх тийм ч амар бус. Байгалийн нөөц асар ихтэй ч зам харгуй тавигдаагүй байгаа. Энэ галт уул уруу тэмээн цуваа байнга явж олборлосон давсыг зөөдөг ажээ.

No comments:

Post a Comment