Wednesday, May 2, 2012

Харвардын судлаач Монгол бүсгүй Даваасамбуугийн Ганмаа

  Нэг.Намтрын товчоон

-Нийслэлийн 23-р дунд сургууль
-Анагаах Ухааны Их Сургууль
-Армийн нэгдсэн эмнэлэгт эмч
-Японы Яманаши АУИС докторын сургалт
-АНУ Харвардын АУИС, Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль дэд профессор


 Хоёр. Бага насны дурсамж

-Г.Галбадрах:  Бага насныхаа дурсамжаас хуваалцвал?

-Д.Ганмаа: Би Улаанбаатар хотод төрсөн.  Манай аав Өмнөговь аймгийн Сэврэй сумын хүн.  5 хүү 1 охинтой айлын 5 дахь нь миний аав Адьяагийн Даваасамбуу. Манай эмээ  хүүхдүүдээ том болоход нь том хүү охин 2-оо өөр дээрээ авч үлдээд бусдыг нь” эрдэм ном сур” гээд хот руу явуулсан юм гэнэ билээ.

-Г.Галбадрах: Миний санахын тэр үеийн хөдөөний хөгшчүүд их л ухаантай холын бодолтой байсан санагддаг юм.

-Д.Ганмаа. Тийм ээ. Хөдөө үлдсэн том ах нь “Улсын аварга малчин”, бас сайн анчин,мөн шатрын зэрэгтэй. Би боломж л олдвол  зундаа том ахынх руугаа хөдөө явна. 11 хүүхэдтэй  хөдөөний айл гэхэд их цэвэрхэн,  бүх л юм нь хатгамалтай цагаан даавуугаар бүтээлгээстэй, орны цагаан хэрэглэл нь байнга цоо шинэ юм шиг байдаг.  Ах болон ахын эхнэр намайг их л мундаг бүх юмыг хийж чаддаг гэж бодно. "Алив Ганмаа энэ дээр зураг зураад өгөөч" гэнэ. "Үгүй би чадахгүй шүү дээ" гэхээр "чи чадалгүй яахав дээ" гэнэ.  Өнгөрсөн зун очоод Говь гурван сайханыхажууд  байх Ёлын ам руу явган аялал хийхэд 80 гарсан настай ах минь огтхон ч түүртэхгүй алхаж очсон. Надтай хамт байх болгондоо зөндөө л эмийн ургамал зааж тайлбарлаж өгдөг юм.

-Г.Галбадрах: Одоо хэр нь ховордож байгаа ч хөдөөнийхний мундаг чанар юм даа. Заримдаа энэ тухай бодохоор сайхан хэрнээ харамсмаар юм шиг санагддаг юм.

-Д.Ганмаа: Харин миний ээж Дугаржавын Төмөр гэж хүн бий. Насаараа 3-р эмнэлэгт их эмчээр ажилласан, “хүний төлөө” гэсэн хүн байдаг юм. Ер нь манай гэрийнхэн бүгд л эмч нар. Дүү маань мөн л АУ-ны доктор зэрэгтэй, их эмчээр ажилладаг. Өвөө маань Дугаржав гэж олон жил Тагнуулын Ерөнхий Газарт ажилласан. Ээжийн минь ээж Должин  хүн бий. Би эмээгээ "Томоо" гэж дуудна.  “Томоо” маань “Үнэн” сонинд ажиллаж, Монголын Эмэгтэйчүүдийн Хороонд Сүхбаатарын Янжмаа гуай, дараа нь С. Удвал гуайн орлогчоор ажиллаж байсан сэхээтэн хүн .

Харин аав ээж 2 минь АУДС \тэр үеийн нэрээр\ суралцаж байхдаа танилцаж гэр бүл болсон юм. Сургуулиа төгсөөд аав минь Цэргийн эмч болж, ээж минь 3-р эмнэлэгт ажилласан. Ээж аавдаа ойр байж, өвдөж ядарсан үед нь асарч тойглож чадахгүй болохоор заримдаа хэцүү санагддаг. Харин тэд маань ач нарт маань зориулж байгаа энэрэл, халамж эргээд нэг ёсны бидний өсгөсөн ачийг хариулж  буй нь тэр гэж биднийг тайвшруулдаг даа.

-Г.Галбадрах: Хот хөдөөг хослуулж өсчээ. Харин дунд сургуульд хаана орж суралцав?
-Д.Ганмаа: Намайг 23-р сургуульд шалгуулж оруулсан юм. Тэр үед орос багш нар ирж шалгалт авдаг байсан юм. Шалгалтандаа тэнцээд байтал хатгаа авч, эмчлүүлж байхдаа шприцээс халдвар авч бие минь бүр муудаж сэхээнд орсон гэсэн. Үүнээс болж ОХУ-д суралцаж байсан аав минь сургуулиа орхиж ирсэн юм билээ. Үүнээс болж ирээдүйд миний эмч болох сонголт шийдэгдсэн байхаа. Өвөө минь намайг "эмч бол, гэхдээ гадаадад яваад хэрэггүй" гэж зөвлөнө. Олон жил гадаадад явж ажилласан болохоор нэгийг бодож байсан байх.

-Г.Галбадрах: Тэгэхээр 23-р сургуулиа төгсөөд АУДС-ыг сонгож дээ?

-Д.Ганмаа: Тийм ээ, 23-р сургуулиа төгсөөд  АУДС-д элссэн.


                                                Гурав. Цэргийн эмч

-Г.Галбадрах: Дээд сургуулийн оюутан болоод?

-Д.Ганмаа:  Тэр үед чинь АУДС -д элсээд 1 жил асрагчийн ажил хийдэг байсан юм.  Өмнө зун нь ээжийнхээ ажилладаг эмнэлэгт найз нартайгаа хамт асрагч хийж үзсэн байсан л даа. Аминдаа аав ээжийн ажлаас хол, биеэ даана гээд 1-р эмнэлгийн чих хамар хоолойн тасагт асрагчаар ажиллав. Намайг хүнд өвдсөн гээд биеийн тамирын хичээл зэргээс чөлөөлдөг, гэртээ ч ажил хийлгэдэггүй, нилээд танхи өсгөсөн л дөө, ээж аав 2 минь. Гэтэл 1-р эмнэлэгт шууд л ОО-ын асрагчаас эхэлсэн.  Шөнөжингөө цэвэрлэгээ хийнэ, үүрээр 6 цагт хогоо гаргаж хогийн саванд асгана. Заримдаа хогоо даахгүй, эсвэл цэвэрлэгээ хийж байхдаа “за энэ ханыг дуусгахгүй унах нь дээ” гэж бодогдох үе байсан. Сүүлдээ дасаад, найз нөхөдтэй ч болоод  гайгүй ээ. Асрагчийнхаа ажлыг 8, 16 цагаар ээлжээр хийнэ, өдөр нь АУДС дээр хичээлдээ сууна, дээр нь эмнэлгийнхээ асрагч сувилагч нарт “хүнд өвчтөн асрах, мэс заслын дараах өвчтөний асаргаа сувилгаа” чиглэлээр хичээл заадаг байсан юм.  Энэ бүхэн чинь хожим хүмүүстэй харилцаж сурахад их хэрэг болж байгаа юм даа.

-Г.Галбадрах:Тийм ээ, энэ дадлага хожим эмч болох хүмүүст их хэрэгтэй сургууль болдог байсан байх.

-Д.Ганмаа: Тэгэлгүй яахав.  Заримдаа “ид сурч боловсорч байх үеийн нэг жил маань алдагдсан ч юм шиг” гэж харамсах үе байсан ч амьдралын анхны их сургуулийн бэлтгэл байлаа. Ажлынхаа хажуугаар олон нийтийн ажилд их оролцоно. Тэгж дадлага хийж байхдаа цэнгээнт бүжгийн хамтлагт оролцон бүжиглэж, бас их олон найз нөхөдтэй болсон.

-Г.Галбадрах: За тэгээд сургуульдаа ороод ?

-Д.Ганмаа: АУДС-д суралцахад 23-р сургуульд суралцсан нь их хэрэг болсон. Бүх хичээлийн номнууд  орос хэл дээр, харин лекц монгол хэл дээр дөнгөж ордог болсон үе таарсан юм. Би бүх лекцэнд суугаад байдаггүй ч шалгалтын өмнө бүх сурах бичгээ эхнээс нь дуустал сайн уншиж байгаад шалгалтаа "онц" өгчихнө. Тэгж унших чинь их л цэгцтэй мэдлэг авч чадаж байгаа юм. Заримдаа бусад оюутнууддаа хичээлийн номыг нь орчуулж өгч тусална. Бусдад орчуулж өгч тусалж байхдаа бас олон хичээлийг бататгаж ойлгоод авна. Бас ангийн даргаар сонгогдчихсон. Өөрөө лекцээ тасалдаг болохоор нилээд амаргүй, тэгээд “халагдсан” даа.  Гэхдээ оюутны амьдрал үнэхээр сайхан.

-Г.Галбадрах: Тийм шүү, монголын оюутны амьдрал үнэхээр сайхан байсан. Тэгж дарвиж яваад л гэр бүл болцгоож өөрсдийн амьдралаа эхэлнэ.

-Д.Ганмаа: Тийм ээ, тэр үед Болдоотойгоо танилцаж, гэр бүл болж охиноо төрүүлсэн. Бидний амьдрал эхэлж байх тэр үед нийгмийн амьдрал их амаргүй хэцүү байлаа. Систем задарч дэлгүүрийн лангуу хоосорч, картын бараанд  дугаарладаг байсан үе. Хүн болгон л амьдрах аргаа олох гэж зүтгэцгээдэг байлаа. Би энэ үеэс л англи хэл сурахаар оролдож эхлэв. Мөн хичээлийнхээ завсраар Монголын Радио Телевизэд орос хэлний орчуулагч, диктороор ажиллаж үзсэн. Одоо бодоход олон ч ажил хийж үзэж дээ. Асрагч, сувилагч, орчуулагч, нарийн бичиг гэх мэт.Англи ном уншиж эхэллээ. Толь бичгээс ашиглаад арай гэж 2 дахь хуудсандаа ороход л эхний хуудсан дээрх бичсэн зүйлээ дахиад л харах хэрэгтэй болдог сон. Тэгсээр анхны тэр номны 1 бүлэг нь тун удаж байж гараас гарч байсныг мартдаггүй юм.

-Г.Галбадрах: Тэгээд англи хэлнийхээ хэргийг гаргав уу?

-Д.Ганмаа:  Намайг оюутан байхад  АНУ-аас Хавайн цэргийн эмнэлгийн баг Монголд ажиллахаар ирлээ. Тэдэнд орчуулагчаар ажиллав. Хөдөө гадаа үзлэгээр явахад хүмүүс үзүүлэх гээд маш урт дараалал үүсдэг байсан юм. Цэргийн эмнэлгийнхэн б үх зүйлээ өөрсдөө авчирсан. Орчуулга хийх гэж их загнуулна, “чи зөв хэлж байна уу? Хурдан орчуулаач” гэх мэтээр. Загнуулахгүйн тулд их ч хичээнэ. Үүний тусаар хэлний мэдлэг минь нилээд сайжирсан. Тэр багийг ахалж явсан хурандаа Dr.Gashman гэдэг хүн байсан.  Тэр хүн надад "Нийгмийн эрүүл мэнд"-ийнчиглэлийг ихэд тайлбарлаж энэ чиглэлээр мэргэшихийг зөвлөж байлаа. Эдэнтэй ингэж ажилласан нь намайг сургуулиа төгсөөд Цэргийн эмч болох сонголтод их нөлөөлсөн дөө.

-Г.Галбадрах: Тэгээд сургуулиа төгсөөд Цэргийн эмнэлэгт очсон хэрэг үү?

-Д.Ганмаа: Төгсөх курстээ ороод Цэргийн эмч болохоор шийдсэн. Аав минь олон жил Цэргийн эмнэлэгт  эмч, сэхээн амьдруулах тсагийн дарга, эмчилгээ эрхэлсэн орлгоч дарга, Цэргийн Госпиталийн дарга хүртэл ажилласан байсан. Би АУДС -аа төгсөөд Цэргийн эмнэлэгт ажилд орлоо.  Цэргийн эмнэлэгт ажиллаж байгаа болохоор офицер болох ёстой. Офицерт нэр дэвшсэн боловч 3 удаа буцаагдсан юм даг.1996 онд АНУ-аас энд багаар ирж ажиллаж байсан Цэргийн эмнэлгээс 3 эмчийг сонгон авч дадлагажуулах урилга ирж, биднийг хэлний шалгалтад оруулсан юм. Тэр шалгалтанд тэнцсэн  бидний 3 эмч анх удаа Хавайд ажиллахаар ирлээ.

-Г.Галбадрах: Энэ харин сайхан тохиолдол болжээ. Мэдээж их зүйл сурсан байх.

-Д.Ганмаа: Tripler Army Medical Center гэж гайхалтай сайхан эмнэлэг байсан.  Энд үнэхээр нүд маань нээгдэж, анагаах ухааны хөгжил, эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээний тогтолцоо гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн.  Мөн суралцах, ихийг бүтээх эрч хүчийг надад өгөх шиг болж билээ. АНУ-д байх явцдаа TOEFL, GRE-д бэлтгэж, шалгалтуудыг нь өгч, хэд хэдэн сургуульд өргөдлөө өглөө. Намайг суралцуулахыг University of Hawai сургууль зөвшөөрч, сургалтын төлбрөөс чөлөөлсөн боловч, гэр бүл маань Монголдоо байсан болохоор үлдэхийг хүсээгүй, Монголдоо буцсан юм.

Дараа нь ээж минь тохиолдлоор Японы Засгийн Газрын тэтгэлгээр хэд хэдэн мэргэжлийн чиглэлээр суралцуулах шалгалт авч буй мэдээллийг сонсож ирснээр, англи хэл, япон хэл болон мэргэжлийн шалгалтад  өгч тэнцэн Японд суралцахаар явсан.



-Г.Галбадрах: Миний уулзаж ярилцлага хийсэн хүмүүсээс Японы ЗГ-ийн тэтгэлгээр амжилттай суралцаж, эрдмийн зэрэг цол авсныхаа дараа АНУ-д ирсэн нь олон байлаа.

-Д.Ганмаа: Миний мэдэхээр Японд ялангуяа АУ-ны салбарт хаана ч гологдохгүй олон монгол судлаачид бэлтгэгдсэн. Япончууд ер нь жинтэй, үлдэцтэй оюуны хөрөнгө оруулалт хийсэн гэж би боддог юм. Японд чанартай, сайн бэлтгэгдсэн олон мэргэжилтнүүдийг АНУ урьж ажиллуулах сонирхолтой байдаг гэж та зөв ажиглажээ. Шаардлага хангасан, чанар сайтай бэлтгэдэгийн нэгэн илрэл юм даа.

Японы ахмад хүмүүс “Монголчууд та нар бусадтай харьцуулахад нэг толгой өндөр байх ёстой, бахархам түүхтэй баян уламжлалтай ард түмний үр сад шүү”гэж бидэнд хэлж байсан нь сэтгэл санааны өндөр дэмжлэг болж, биеэ дайчлан мэрийхэд их түлхэц болдог байсан. Намайг тэнд сурч байхад Монголд маань зуд тохиолдож, би Ротари клуб дээр тусламж хүсэхээр яриа бэлтгэсэн юм. Яг индэр дээр гарахын өмнө Сато багш маань “Ер нь монголчууд малаа маллаад явж байхад хэнээс ч тусламж гуйхгүй амьдрах омог бардам ард түмэн юм  шүү” гэж хэлж байсан нь ихийг бодогдуулж, тэр уулзалт дээр Монголынхоо тухай яриад, тусламж хүсэх гэж байсан хэсгээ огт дурсалгүй өнгөрсөн.  Монголчууд бид жирийн Япон хүмүүсийн энэ хандлагыг зөвөөр ойлгож, харилцан хүндэлж байх сан гэж боддог. Ядаж л хаанаас үүсэлтэй нь үл мэдэгдэх “Арлын Япон” гэсэн жаахан доошоо хийсэн мэт нэршлээсээ татгалзмаар. Япончууд гаднаасаа нунж даруу мэт харагдах боловч хүний хөгжлөөр бусадтай харьцуулшгүй өндөрт гарсан нь анзаарагддаг.

                                                    Дөрөв. Судалгааны ажилд

-Г.Галбадрах:Японд ямар чиглэлээр суралцсан юм бэ?

-Д.Ганмаа: Японд 1 жилийн хугацаатай судлаач оюутан гэж очсон.  Эхлээд 6 сарын хэлний курст суралцах ёстой байсан боловч намайг шууд сургууль руу явууллаа. Тэнд профессор Сато надад япон хэл болон судалгаа шинжилгээний ажлыг минь чиглүүлж заана. Сато багш маань сургуульдаа их нэр хүндтэй, их ч хатуу чанга шаардлагатай хүн. Эхний нэг жил ч их гүрийсэн.  Хугацаагаа дуусгаад  тэнхимдээ “Нийгмийн Эрүүл Мэнд”-ийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцахаар шийдэн Ph. D –ийн шалгалтад бэлтгэв. 6 сарын дараа шалгалтаа өгөөд сургуульдаа тэнцлээ. Нөхөр охин 2 маань ч над дээр ирэв. Сато багшийн эхнэр нь миний охинд япон хэл гэрээрээ зааж, даалгаврыг нь хийлгэдэг  байсан юм. Тэд үнэхээр гайхалтай сайн хүмүүс шүү.

-Г.Галбадрах: Үргэлжлүүлэн суралцахдаа судалгааны ажил хийх байсан уу?

-Д.Ганмаа: Тийм ээ, судалгааны ажил хийж эхэлсэн. Эхний жил хагас нилээд амаргүй байсан. Ажил дээрээ хонох шахам суралцана.  Амьтад дээр туршилт их хийнэ.  Сато багш минь эхнээс нь бүх зүйлд маш сайн сургаж, байнга хянаж, их ч шахаж ажиллуулна.  Багш минь намайг анхаасаа тоож, өөрийн бодлоороо л зүтгүүлж байсныг хожим ойлгосон л доо. Заримдаа “намайг их зовоож байна” гэж дотроо бодон багшаасаа зугатах шахаж байсан ч ийм ачаалалдаа дасдаг юм билээ.Хамтран ажиллаж байсан ажилтан маань ачааллаа даалгүй стресст орж, нутаг руугаа буцаж байсан юм даг. Нөхөр минь манай өөр лабораторид ажиллаж байв. Гэтэл  намайг докторын 2 дахь жилээ дуусгах үед багш маань дэвшиж өөр газар ажиллах болов. Би ч бас багшдаа гомдон, “цаашдаа удирдах багшгүйгээр судалгааны ажлаа яаж хийх юм бэ?” гэж хэлж байсан юм даг. Хариуд нь багш маань “чи өөрөө хийж чаднаа” гэж л хариулсан.

-Г.Галбадрах: Багш тань үүний төлөө л чамайг бэлтгэж байсан хэрэг байх нь. Магадгүй биеэ дааж ажиллаг гэж бодсон байх л даа.

-Д.Ганмаа: Тийм ээ. Бүх зүйл өөрийн толгой дээр ирсэн. Хүнээр шаардуулж байж ажилладаг байсан бол өөрөө л хичээж хийх хэрэгтэй болсон. Гэхдээ сурсан дадал болон ачааллаараа л ажиллаж байв. Нэг удаа бидний судалж байсан сэдвээр АНУ-ын Бостонд  Харвард дээр илтгэл тавихыг санал болгон урилаа. Багшдаа энэ тухайгаа хэлсэн чинь “яваад ир” гэлээ.  Хүү маань гэдсэнд тэгээд бас хордлоготой болохоор онгоцонд нилээд зовж байж Бостонд ирэв. Гэтэл ачаа минь байдаггүй. Чемоданд илтгэл тавихдаа өмсөх костюмаа хийчихсэн байдаг. Ачаа маань шөнийн 2 цагт зочид буудалд ирж арай гэж амжин илтгэлээ бэлтгэж амжсан. Илтгэлээ тавихад хүмүүс их сайхан хүлээж авсан. Хүмүүс ихэд сонирхож их ч зүйл асууж тодруулж байлаа. Дараа нь Вашингтон ДС-д American Associatian for Cancer Research \AACR Америкийн Хавдар Судлалын Холбоо\ -ны хуралд оролцож илтгэл тавьсан юм.

-Г.Галбадрах: Америкт тэр тусмаа Бостонд уригдаж илтгэл тавина гэдэг судалгааны ажлын хувьд том боломжийг мэдрүүлсэн байх.

-Д.Ганмаа: Тийм ээ надад маш их боломжийг мэдрүүлж ойлгуулсан. Буцаж ирээд сургуулиа төгсөх бэлтгэлүүдээ базаалаа. Шалгалтуудаа ч амжилттай өгсөн. Японы их дээд сургуулиудад тухайн жилийн төгсөгчдөөс хамгийн шилдэг оюутанд Ерөнхийлэгч нь “хүндэтгэлийн зэрэг” гардуулах ёслол болдог . Хамгийн шилдэг төгсөгчдөө ийн гардуулна. Япончууд алив зүйлд зүйлд ёс заншлыг эрхэмлэдэг улсууд. Энэ ёслолд сар гаруй бэлтгэж байж надад гардуулж өгч байсан юм даг. Харин сургуулиа төгссөний дараа Харвардад докторын дараах сургалтанд ирэхийг надад санал болголоо.

                                                  Тав. Харвард дахь судалгааны ажлууд

-Г.Галбадрах: Энэ бол надад үнэхээр сайхан санагдаж байна. Маш их хөдөлмөр зүтгэлийн үр шимийг ийн үнэлсэн байх.

-Д.Ганмаа: Харвардад ажиллах урилга аваад нөхөртэйгээ зөвлөлдөөд  “ямартай ч 2 жил больё” гэж шийдээд  Харвардад ирсэн.  Охиноо 6-р ангиас нь АНУ-д авчраад шууд 8-р ангид оруулж байсан юм даг. Англи хэл мэдэхгүй ирсэн охин минь бидний л адилаар их ч гүрийж сурсан даа. Ингэж хичээснийх охин минь одоо АУ ны чиглэлээр их ч сайн сурч байгаа. АНУ-ын Харвардад 2 жилийн хугацаанд өөрийн боломжоо ашиглаад өөрийгөө хөгжүүлж чадвал цаашид сонголтоо хийх боломжтой байдаг.

-Г.Галбадрах: Харвардын сургуулийн онцлогийн талаар ярьж өгөөч.

-Д.Ганмаа: Харвард бол эрдэм мэдлэг, оюуны чадавхи, нэр хүндийн бренд.  Зөвхөн АНУ төдийгүй бүх улс орнуудыг хамарсан олон судалгааны ажлууд энд хийгддэг.  Ийм төслүүдийг маш сайн боловсруулж, шилдэг эрдэмтнүүдтэй өрсөлдөж , тэднээс давж байж л хэрэгжүүлэх боломжтой болно.  Тухайн хүнд байгаа оюуны чадварыг маш сайн ашигладаг төдийгүй, шавхаж чаддаг. Тийм болохоор Харвард маш олон судалгааны ажлуудаас санхүүжиж байдаг. Яг үнэндээ Харвардад багшийн цалин нь тийм ч өндөр биш. Гол нь судалгааны ажил нь  анхаарлын төвд байж,хийх нөхцөл боломжоор сайн хангаж, сайн үнэлдэг.

Тухайн чиглэлдээ нэрд гарсан шилдэг эрдэмтэн багш нартай ойрхон ажиллах, суралцах  үнэлшгүй боломжоор хангагдана. Мөн аливаа ажлыг нээлттэй, ил тод, шударга, хүнд сурталгүй, цэвэр шударга өрсөлдөөний дунд явуулдаг тул түүнийгээ дагаад гарч буй үр дүн, ажиллах нөхцөл нь , тэнд ажиллах хүсэл эрмэлзлэлийг төрүүлж, хүнийг татах гол шалтгаан нь болдог юм уу гэж боддог. Жилд дор хаяж 3 идэвхтэй судалгааны ажил дээр ажиллаж, дараагийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудынхаа төслийг бэлтгэж эрдэмтдийн зөвлөлийн хурлаар оруулах, тухайн чиглэлдээ өрсөлдөхүйц  төсөл боловсруулж санхүүжилтээ олох, хийсэн ажлуудаа нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлэх, олон улсын болон үндэсний хэмжээний илтгэлүүд тавих, багшлах, оюутан удирдах, нэг чиглэлээр судалгаа хийж буй хүмүүсийнхээ ажлыг дүгнэх гэх мэтээр хийх ажлууд угаасаа цагийг нь цаанаас нь зохицуулаад өгч байгаа юм даа.

Одоо эрдэмтэн судлаачид хаана амьдарч байгаагаасаа үл хамааран ШУ-ны бүх салбарт цол хэргэмээрээ уралдах биш, хийсэн бүтээснээ нээлттэй тайлагнах, ажлын үр дүнгээ дэлхийн хэмжээний нэр хүндтэй мэргэжилтнүүдээр шударгаар шүүлгэн, тухай судалгааны салбарт өөрийн оруулж буй хувь нэмэр, хэр хэмжээгээ тодрохойлох боломжтой болсон шүү дээ.

-Г.Галбадрах: Дэлхийд нэр хүндтэй Харвардын сургуульд монгол бүсгүй багшилж, бас судалгааны ажил хийж байна гэдэг сайхан санагдаж байна. Харвардад хийж байгаа судалгааныхаа талаар дэлгэрүүлж ярьж болох уу?

-Д.Ганмаа: Харвардын Анагаах Ухааны сургуулийн судлаачид доктор Үйлэттийн удирдлагаар” АНУ-ын зөв зохистой хооллолтын мөрдлөг” буюу Food pyramid –ыг боловсруулсан. Энэ мөрдлөг зөвлөмж нь 1970 –аад оноос одоог хүртэл 40 гаруй жил үргэлжилж буй дэлхийн хамгийн том кохорт судалгаануудын үр дүнд тулгуурлан бүтээгдсэн. Энэ судалгаанд ЭШ-ний хэд хэдэн хүрээлэнгүүд, эмнэлгүүд, судалгааны багууд болон лабораторууд хамтран ажиллаж, судалгаанд хамрагдсан хүмүүсээс хоол тэжээлийн асуумжаас эхлээд цус, шээс, үс, хумс, удамшил зүйн сорьц хүртэл цуглуулж, судалгааны хүн ам \population sample\ бүхий дэд бүтэц, бааз бий болгосон юм. Иймд гадна дотны байгууллагаас хамааралгүй, шинжилгээний сорьцоо энд тэндээс гуйж цуглуулах шаардлагагүй гэсэн үг. Зөвхөн нэг кохорт л гэхэд 171 000 оролцогч хамардаг гэхээр энэ судалгааны цар хүрээ нь ойлгогдох байх. Би нөхдийн хамт эдгээр  кохорт дээр  ажилладаг юм.
Би Японд сурч байхдаа л Монголдоо судалгааны ажил хийх мөрөөдөлтэй байсан. Харвардад ажиллаж судалгааны ажил хийж эхэлснийхээ дараа л энэ хүсэл минь биелэх боломжтой болсон доо.

                                                Зургаа. Монгол дахь Харвардын судалгаа

-Г.Галбадрах: Энэ тухай арай дэлгэрэнгүй сонсмоор байна?

-Д.Ганмаа: Монголд судалгааны ажил хийх саналаа тэнхимийнхэндээ танилцуулж зөвлөлдсөнөөр 2004 онд 4 хүнтэй Харвардын судалгааны багаа бүрдүүллээ.  Урьд нь Харвардын ИС-иас Монголтой хамтарч судалгаа явуулсан туршлага, бааз байхгүй тул судалгааны ажил болон кареерийн хувьд эрсдэлтэй гэх мэт бэрхшээлүүд тулгарсан. Харвардаас судлаачиддаа ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хатуу шаардлага тавьдаг, ямар ч бизнесийн болон ашгийн төлөө байж болохгүй гэж үздэг.

Ингээд  “Д-гээр баяжуулсан сүү, хүүхдийн өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлж буйг судлах” судалгааны ажил эхэллээ.  Энэ судалгааг хамтран хийж чадна гэдгээ батлахын тулд эхлээд тандалт судалгаа хийх ёстой.  Эхэндээ амаргүй байсан. Гол бэрхшээл нь зөвшөөрөл өгөх ёстой хүмүүс нь ойлгож өгдөггүй. Хүмүүс буруу зөрүүгээр ойлгох явдал их байсан. “Монгол хүүхдийг туршилтын туулай болгох гэлээ” гэдэг ч юм уу. Бид гол хүмүүст нь энэ талаар ойлгуулах гэж  монголд хэд хэдэн удаа багаараа очсоноос гадна Харвардын Ёс Зүйн Хорооныхныг Монголд авч очиж хурал ярилцлага хүртэл хийж  судалгаагаа танилцуулж байв. Яаж ч байсан энэ төслийг Монголдоо л хэрэгжүүлэхийг зорьсон.

-Г.Галбадрах: Гол бэрхшээл учруулж байгаа зүйл нь хаанаа байна вэ? Таны бодлоор.

-Д.Ганмаа:  Гол бэрхшээл нь  монголчууд бидний хоорондоо ойлголцож, хамтран ажиллаж чадахгүй байгаа байдал. Харвардаас хэрэгжүүлж байгаа төсөл гэхээр л эрх мэдэлтнүүд эндээс олж болох ашиг болон нэр хүндийн асуудал дээр илүү сонирхож хандах, хүнд суртал гаргах, үндэслэлгүй цуурхал тараан ажлыг удаах, царцаах явдлууд байлаа.Өөр бусад орнуудад хэрэгжүүлэх талаар манай тэнхмийнхэн нэг биш удаа санал гаргаж байсан ч бид Монголдоо л хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж энэ бүхнийг давж гарч байна даа. Биднийг энэ судалгааны төслийг эхлүүлж байхад  АНУ-д элчин сайд байсан Р.Болд гуай,ЭМШУИС-ийн захирал Лхагвасүрэн, ГХЯ, Ерөнхийлэгчийн ТГ маш их дэмжиж, бүх боломжоороо тусалж байв.

Эрх мэдэлтнүүдэд судалгааны зорилго, үр өгөөжийг ойлгуулах гэж 6 сар оролдсоны эцэст  энэ судалгаа хийгдэж байгаа. Харин эрдэмтэн багш нар маань болох Жав агсан, Малчинхүү, Раднаабазар, Жаргалсайхан, Цагаанхүү, Бямбасүрэн асан,Цэрэннадмид, Нямдаваа нартай уулзаж ярилцахад тэд шууд ойлгон хүлээж авч, энэ талаар санал зөвлөлгөө өгч байсан нь бахархууштай сайхан байлаа.

-Г.Галбадрах:  Судалгааны гол агуулга нь?

-Д.Ганмаа: Монголын 740 орчим хүүхдүүдээс судалгаа авахад Д-гийн дутагдал Монголд их тархмал байгаа нь ажиглагдсан.  Монголд зуны 3 сарын хугацаанд нарнаас Д авч чаддаг. Гэтэл бусад хугацаанд яах хэрэгтэй вэ? гэдэг асуудал гарч ирж байгаа юм.  АНУ-ын бүх сүү Д-гээр баяжуулсан байдаг.  Бага насны хүүхэд их хэмжээгээр хөлрөхөд рахиттай боллоо гэдэг, бас хүүхдийн үе мөч нь өвдөхөд “том болох гэж байгаа нь тэр” гэдэг гэхчилэн бүгд л Д-ийн хурц дутагдлын шинж тэмдэг юм шүү дээ.

-Г.Галбадрах: Миний ойлгож байгаагаар бол энэ монголчууд бидэнд их хэрэгтэй судалгаа юм даа.

-Д.Ганмаа: Энэ бол зөвхөн бага насны хүүхдэд хамааралтай асуудал ч биш. Өсвөр насны хүүхдүүд болон ээжүүд, жирэмсэн эхчүүд бас эрчүүдэд ч тохиолдож байна. Үүн дээр одоогийн Улаанбаатарын агаарын бохирдол ч муугаар нөлөөлж байгаа. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс 3 дахин их хордлогыг монголчууд авч байна шүү дээ. 2008 оны 10 сард ЭМШУИС  дээр “Д”-гийн талаар нилээд өргөн хэмжээний бага хурлыг зохион байгуулсан. Одооноос хүмүүс ойлгож дэмжин ажил хэрэг жаахан урагштай явж байгаа. Ийм судалгааны ажлын үр дүн нь удаан гардаг болохоор гол нь маш уйгагүй л ажиллах хэрэгтэй байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд хямралаас болж санхүүжилтийн асуудал бага зэрэг хүндэрч байгаа.

-Г.Галбадрах: Энэ бүхний төлөө танд талархаж байнаа. Зөвхөн энэ бус монголд хэрэгжүүлж байгаа өөр төслүүдийнхээ талаар товч дурдаж болох уу?

-Д.Ганмаа: Судлаачид аливаа нэг чиглэлийг сонгон авч нарийн мэргэших шаардлага тавьдаг. Миний хувьд сүүнд байгалаасаа агуулагдаж байгаа уургууд болон биоидэвхтэй идэвхтэй бодисыг хүний эрүүл мэндэд нөлөөлдөг эсэхийг сонирхон судалсан юм. Сүү нь байгалаасаа бүх хөхтөн амьтны нялх үр төлөө өсгөх, шим тэжээлийг хангах үүрэгтэй. Гэтэл хүн насанд хүрсэн хойноо ч сүү болон сүүн бүтээгдэхүүнийг хүнсэндээ өргөн хэрэглэж байна. Энэ нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болохыг ч бас судалж байгаа. Үүнийг судлах явцдаа Монголд  Д аминдэмийн дутагдал өргөнөөр тархсан байгааг шинжилгээний үр дүнгээр тогтоосон.
Д аминдэмийн цусан дахь хэвийн хэмжээ нь 20 нг\мл байдаг бол манай судалгаанд оролцогсдийн Д-гийн хэмжээ өвлийн улиралд 4-7 нг\мл, хаврын улиралд дөнгөж 9 нг\мл байгааг олж тогтоолоо. Д аминдэмийн гол эх үүсвэр нь нарны илч болон хоол хүнс байдаг. Гэвч манай орон шиг хүйтэн хатуу улиралтай,  Д гээр баялаг хоол хүнс хэрэглэдэггүй, агаарын бохирдол ихтэй улсад  Д-ийн нийлэмж хангалттай түвшинд явагддаггүй. Ингээд судалгааны хувьд Д аминдэмийн дутагдал, тархац, хүний эрүүл мэндэд  нөлөөлөх нөлөөлөл, дутагдлыг нөхөх боломж зэрэг нь Монгол улсад илүү ач холбогдолтой санагдсан тул, Д-гийн талаар нилээд хэдэн судалгааны ажил хийж, үр дүнг нь олон улсын хэвлэлүүдэд өгсөн байгаа. Pediatrics  сэтгүүлд, Монголын сургуулийн насны хүүхдүүдэд Д аминдэмээр баяжуулсан сүүг өвлийн улиралд 3 сар уулгаад, Д-гээр баяжуулаагүй сүү уусан хяналтын бүлгийн хүүхдүүдтэй харьцуулан үзэхэд амьсгалын замын хурц халдварт өвчлөлийг өвлийн улиралд 2 дахин бууруулж байгааг тогтоосноо хэвлүүлсэн.

Д амин дэм нь сүүлийн үеийн судалгаагаар зөвхөн ясны эрүүл мэнд, эсвэл зөвхөн хүүхдийн сульдаа өвчнийг эмчилдэг төдийгүй, хүний дархлааны тогтолцоог бэхжүүлж, аливаа халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлдэг талаар олон судалгааны ажлууд хийгдэж байна. Манай нөгөө судалгааныажлын үр дүнгээр 2-17 насны экзэма буюу  Атопийн Дэрматитэй хүүхдүүдэд 1000 \ОУН олон улсын нэгж\ Д аминдэм уулгахад, хяналтын бүлгийн хүүхдүүдтэй харьцуулахад энэ өвчлөлийн хурцадмал байдлыг намжаасан  үр дүнтэй байна. Манай улсад сүрьеэ өвчин болон амьсгалын замын халдварт өвчин өвлийн болон хаврын улиралд давтамж нь ихэсдэг. Иймд 12-15 насны хүүхдүүдэд өдөрт 800 \ОУН  олон улсын нэгж\ Д аминдэм өгснөөр сүрьеэгийн халдвараас 60 хувь урьдчилан сэргийлэх боломжтой байгааг тогтоосон нэг судалгааны ажил маань одоо хэвлэлд бэлтгэгдэн өгсөн байгаа. Үүгээр тогтохгүй Д аминдэмийг нөхөх нь хүүхдийн эрүүл өсөлт болон дархлаанд нөлөөлж байгаа үр дүн гарсан.  Судлаачийн хувьд эдгээр үр дүндээ их урамтай байгаа.Мөн зөвхөн хүүхдүүд төдийгүй насанд хүрсэн хүмүүс, жирэмсэн эхчүүдэд судалгаа явуулах, дутагдлыг нөхөх манай орны хувьд хамгийн үр дүнтэй арга замыг судалж байна.

-Г.Галбадрах:Судлаач хүний хувьд  монголчууддаа хандаад зөвлөх зүйл байгаа байх?

-Д.Ганмаа: Ер нь бидний монголчуудын хоол хүнсний хувьд уураг, өөх тос болон нүүрс ус \macronutrient\ хангалттай боловч эрдэс бодис, аминдэм \micronutrient\ дутагдалтай байх эрсдэлтэй. Бид гадаадад хийсэн судалгааны үр дүнг үндэслээд, эсвэл судалгааны үр дүнг огт анхааран үзэлгүйгээр тухайн улсад гаргасан зөв хооллолтын журмыг хуулбарлаад шууд  Монголдоо хэрэгжүүлэхийг оролддог. Монгол хүний бие дэх шим тэжээл, аминдэм, эрдэс бодисын хэмжээг оршин суугаа газар нутаг, байгаль орчин, цаг уурын онцлог, ёс заншилтай нь уялдуулан иж бүрнээр нь судлан тогтоох шаардлагатай байна. Энэ нь монгол хүний зохистой хооллолтын мөрдлөг боловсруулах  үндэс  болно.

ШУ зогсолтгүй урагшлагч үйл явц учраас энэ ажлыг нэг хүн, нэг байгууллага нэг удаа хийх биш, улс орны эрүүл мэндийн салбарт шат шатаар үргэлжлүүлэн хийх ёстой гэж бодож байна. Раднаабазар багш анх “витамин” гэсэн нэршлийг “аминдэм” гэж буулгаснаа дурсаж байсан. Энэ оновчтой сайхан нэршилдээ амийг дэмжиж байгаа бүх бодисууд болох витамин, эрдэс бодис бүгдийг хамруулан ойлгож баяжуулмаар санагддаг. Үгүй бол витамин гэхээр “хүнсний нэмэлт” гэж ойлгоод үл тоомсорлох, эсвэл “эм” гэж ойлгоод хэтэрхий болгоомжлон зүй зохистой анхаарлаа хандуулахгүй байгаа нь ажиглагддаг.

-Г.Галбадрах: Мэдээж таны судалгааны ажлыг дэмжиж байгаа олон хүмүүс байгаа байх.

-Д.Ганмаа: Тэгэлгүй яахав. Нөхөр минь Harvard Catalyst lab-д ажилладаг. Миний судалгааны ажлыг ойлгож, тусалж дэмжиж байдаг. Миний 2 хүүхэд  биеэ даасан, хичээл номондоо сайн суралцаж, намайг зовоож байсангүй. Монголд байгаа аав ээж, ах дүү, найз нар маань сэтгэл санааны их дэмжлэг үзүүлнэ. Манай судалгааны багийн гишүүд, Анагаахын оюутнууд маань идэвх зүтгэлтэй, чармайлттай хүүхдүүд байдагт урамшиж, баярлаж явдаг. Монгол дахь судалгааны ажлыг санхүүжүүлэхэд тусалсан АНУ-ын Эрүүл Мэндийн Хүрээлэн, тэнхим болон хувийн сангууд, ДЭМБ,
Мянганы Сорилын Сан, UNICEF  зэрэг байгууллагуудад дандаа талархаж байдаг.

-Г.Галбадрах: Дэлхийд нэр хүндтэй Харвардад монгол бүсгүй судлаачаар ажиллаж, судалгааны ажлынхаа нэгэн хэсгийг Монгол эх орондоо чиглүүлж тодорхой үр дүнд хүрч байгаад тань бахархан ,танд баяр хүргэн амжилт хүсье. Бас миний саналыг хүлээн авч халуун дотноор ярилцсанд тань баярлалаа.

-Д.Ганмаа: Танд ч бас их баярлалаа. Монголчууд бид “эрүүл байхдаа саруул ухаантай байдаг”. Бас оюун санаа болон авьяас чадвараараа бусдаас дутахгүй . Бидний өвөг дээдэс бидэнд бахархан дуурайх олон гайхамшигийг үлдээжээ. Тэгэхээр бид өөрсдөө хичээх юм бол бүгдээрээ мундаг байж чаднаа. Бас эрүүл байж ихийг бүтээнэ.

...1636 онд байгуулагдсан Харвардын 12 Их Сургуульд одоогоор 21 000 орчим оюутнууд суралцдаг гэнэ.  Бостоны төв хэсэгт орших Харвардын ихэвчлэн улаан тоосгон барилгуудын цогцолбор дунд хамтдаа явж байхдаа Харвардад суралцаж байгаа монгол оюутан Зоригоо бидэнд сургуулиа танилцуулан ингэж ярьсан юм. Харвардын оюутан Зоригоо Уянгаа болон Ганмаагийн гэр бүлийн хамт бид нэгэн орой Харвардаар зугаалж, оюутны хямд хэрнээ тансаг хоол зооглов. Гол нь бид Харвардын ИС-ийн байгалийн музейд байгаа “Монгол бар”-ын чихмэлийг үзэх гэж зорьсон. Дэлхийн гайхамшигт араатан жигүүртэн, нэн эртний болон усны олон амьтдын цуглуулга дотор Монголоор овоглосон “бар”-ын чихмэл бидэнд дотно санагдаж байв. “Одоо монголд бар байдаг болов уу?” гэж өөр хоорондоо эргэлзэнгүй ярьсан хэрнээ, судалгаа шинжилгээний дэлхийд нэрд гарсан энэ төвд “Монгол” гэсэн хаяг байгаад л юу юунаас илүү маадгар байлаа.

Д.Ганмаа бид 2-ын яриа удаан үргэлжилсэн л дээ. Түүний Харвардад болон Монголд хэрэгжүүлж байгаа судалгааны ажил нь миний сонирхлыг илүүтэй татаж байсан юм. Тийм болохоор энэ ярилцлагадаа энэ талаар түлхүү оруулсан хэрэг.Тэдний гэр бүл намайг хүндэтгэж яг л Монголдоо байгаа мэт монгол хоолоор дайлсан. Тэдний бага хүү нь надтай монголоор ярилцаж, бас гэр нь яг л монгол айл шиг “монголоороо гоёсон” байсан нь надад сайхан санагдаж байв. Тэнд үргэлжилсэн яриа ч бас л Монголын хөгжлийн тухай сэдэвтэй. Та нартаа сайн сайхан
бүхнийг ерөөе.

                                              Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

No comments:

Post a Comment