Wednesday, May 2, 2012

М. Саруул-Эрдэнэ: АНУ-ын нийслэлд Монгол судлалын голомт бий болгосон

Ирэх 5 сарын 4-6-ны өдрүүдэд АНУ-ын нийслэлд “Чингис хаан-850” сэдэвт Олон Улсын Монгол Судлалын Хурал зохион байгуулагдах гэж байна. Монгол Соёлын Төв, Монгол улсын Элчин Сайдын Яам, Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй уг хуралд АНУ, Монгол, Канад, Турк, БНСУ, Казахстан, Израйль, Азербайжан, ХБНГУ-аас судлаачид ирж илтгэлээ хэлэлцүүлэх аж. Хурлын талаар гол зохион байгуулагчдын нэг Мягмарын Саруул-Эрдэнэтэй онлайнаар ярилцлаа.

За хуралдаа бэлдээд л завгүй байна уу? Энэ чинь танай хэд дэх хурал болчихов оо?



М. Саруул-Эрдэнэ: Нэг мэдсэн 6-р бага хурал маань хаяанд иржээ. Анх 2007 оны 5 сарын 19-нд Элчин сайдын яам, Монгол Соёлын Төв хамтран Монгол судлалын бага хурал хийж байсан билээ.АНУ-д аж төрж байгаа судлаачид маань голдуу оролцсон, цомхон атлаа чанартай, сайхан хурал болж байсан. Саяхан хурлын зургийг сонирхож суулаа... тэр хуралд илтгэл тавьж байсан хүмүүсээс Байка (Пунцагийн Баярмагнай) та хоёр нутаг буцсан байна, Увш багш, Цэрэнчунт багш, Эрдэнэчимэг доктор нар Индианагийн их сургуульдаа байна. Сэтгүүлч Алтангэрэл, зураач Дамбын Цолмон, гавьяат багш Шархүү нар 5 жил завсарлаад эргээд энэ жилийн хуралд оролцох гэж байна
.



Жил бүр л улам өргөжөөд яваад байсан даа , тийм үү?

Тийм ээ. Эхлээд хурлын албан ёсны хэл зөвхөн монгол хэл байсан. Тэртээ тэргүй АНУ-д Монгол нийгэмлэг, Америкийн Монгол Судлалын Төвийн хурлууд дан англи хэлээр болдог болохоор монгол хэлээр судалгаагаа хийж байгаа үндэсний судлаачдаа дэмжих зорилготой байсан юм л даа. Гэтэл яваандаа өмнө дурдсан хурлууд ч хүрээ нь баахан хумигдаад ирлээ, манай хурлыг гадныхан ч их сонирхох боллоо. Ингээд англи-монгол тэл хэлээр хурлаа явуулах болсон. Өнгөрсөн жил Монгол улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулж хурлаа хийсэн, манай түүхийн чиглэлийн гол гол сургууль тэнхмийн багш нар төдийгүй эрхлэгчид ирж, хурлыг улам бүр сонирхолтой, ач холбогдолтой болгож өгсөн юм.

Уул уурхай гэж хошуурах болсон өвчин Монгол судлалд бас аль хэдүйн нөлөөлөөд эхэлж үү дээ гэж бодогдох юм. Сая Торонтод болсон монгол судлалын хурал гэхэд л хэл шинжлэл, түүх, соёл, шашин судлалаар нэг ч салбар хуралдаан байсангүй, дан уул уурхай ярьсаар байж дууслаа. Яг энэ үед уламжлалт монгол судлалын эрдэмтдэд үгүйлэгдэж эхэлсэн орон зайг манай энэ хурал нөхөж өгч байгаа юм.

Энэ жилийн хувьд “Чингис хаан – 850” сэдвээр хийж байгаа юм байна. Сонин содон илтгэл, судлаачид юу байна даа?

Манай хуралд тэр бүр хуралд оролцоод байдаггүй нэртэй судлаачид ирж байгаагаараа их онцлог болж байна. Ном бүтээлийг нь л хүмүүс их иш татахаас нэг их харагддаггүй улс гэх үү дээ. Хэд гурван жишээ татъя. Сүүлийн нэлээд олон жил Берлинд ажиллаж буй монголч, нанхиадач, түрэгч эрдэмтэн Паул Д. Буелл монголчууд цэрэг дайны хувьд хэрхэн тэр амжилтад хүрсэн тухай, ялангуяа “алгинч” нарын амжилтын талаар илтгэл тавина. Монголын нууц товчоог англи хэлэнд орчуулсан Паул Кан олон жил Францад амьдарч байгаад саяхан АНУ-даа ирсэн юм. Тэрбээр хуралд илтгэл тавихгүй, гэхдээ ирж сууна гэсэн.

Хубилай хаанаар болон өнөөгийн Монголын түүхээр ном гаргасан Коламбын их сургуулийн профессор Моррис Россаби манай нэг хурлыг удирдахаар, бас илтгэл хэлэлцэхээр Нью-Йоркоос ирж байгаа.

Торонтогийн Их Сургуулийн профессор нанхиадач, төвдөч эрдэмтэн Жэннифер Пуртл хятадын уран зураг, уран бичлэгт Монголын нөлөө хэрхэн туссан талаар сонирхолтой илтгэл тавих юм. Чингисийн онгоныг хиймэл дагуулын зургаар баримжаа болгон, нутгийн ардуудаас тандан судлах аргаар хайж, шуугиан тариад байгаа Алберт Ю-Мин Лин гэж Үндэсний Газарзүйн Хүрээлэнгийн судлаач аяллынхаа үр дүнг танилцуулна... гэх мэт.

Монгол судлалын төв нь болох манай судлаач нарын оролцоо хир байна вэ?

Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн захирал, түүхч Д. Мөнх-Очир өнгөрсөн жилээс эхлэн манай хурлыг зохион байгуулах комисст орж, хамтран ажиллаж эхэлснээс хойш Монгол улсын судлаачдын маань оролцоо, үүрэг улам бүр нэмэгдэж байна. Түрүүн хэлсэн дээ, өнгөрсөн жил тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор хуралдахад МУИС-ийн Түүхийн тэнхмийн эрхлэгч П. Дэлгэржаргал, УБИС-ийн Түүхийн тэнхмийн эрхлэгч Ц. Гантулга нар ирж оролцож байсан гэж. Энэ жил хоёр доктор хоёул ирж илтгэл тавина. Дэлгэржаргал Чингис хааны Чан чунь бумбатай уулзсан уулзалтын талаар, Гантулга “Чингис хаан ба Урианхай аймаг” сэдвээр илтгэнэ. Мөн МУБИС-ийн Гадаад харилцааг хариуцдаг түүхч Л. Алтанзаяа Монголоос ирж, Чингис хааны тайлга тахилгын талаар ярих юм.

БХЭШХ энэ удаад албан ёсоор хамтран зохион байгуулж байгаагийн хувьд томоохон багтай ирнэ. Захирал Д. Мөнх-Очироос гадна Х. Шагдар гуай, Ж.Базарсүрэн гуай тэргүүтэй судлаачид хүрэлцэн ирж, Чингис хааны цэргийн эрдэм, стратегийн талаар Монгол улсын судлаачид өөрсдөө чухам ямар дүгнэлттэй явдгийг танилцуулна. Мөн МУИС-ийн дэргэдэх Монгол Судлалын Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж. Бат-Ирээдүй ирж, “Хэл зохиол”-ын салбарт илтгэлээ хэлэлцүүлнэ. Бүх зочдынхоо нэр, илтгэлийг энд тоочих боломжгүй байна л даа.

Гадаадын их дээд сургуулиудаас олон судлаач ирэхээр байсан. Израйль, Казахстан, Турк, БНСУ, ХБНГУ гээд. Израйльд жишээ нь монгол судлаач байх юм уу?

Харин байдаг юм байна. Байдгаар барахгүй хэрэг болгож манай хуралд ирж илтгэлээ хэлэлцүүлэх гэж байна. Тель-Авивын Их Сургуулийн Батыр Хасанов гэж бараг монгол нэртэй судлаач ирж коммунизмын дараа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан монгол, түрэг гаралт ард түмний дунд Чингис хаан хэрхэн Лениний оронд тодрон гарч ирсэн талаар ярих юм. Казахстаны хувьд Алматыд байдаг “Бодлого задлан шинжилгээний төв”-ийн судлаач Султан Акимбеков, Турк улсаас Истанбулын их сургуулийн профессор Озлем Арзу Азер ирж илтгэл тавина. Харвардын их сургуулиас Лала Алиева гэж азербайжан эрдэмтэн ирж монголчууд тэдэнд хэрхэн нөлөөлсөн талаар ярина.

Норвичийн их сургуулиас Гүрж гаралтай эрдэмтэн, Коламбын их сургуулиас Киргизийн судлаач бас ирнэ. Эдгээр хүмүүс яг жинхэнэ монгол судлаачид биш л дээ. Манай хурал “Чингис хаан -850” гэсэн ерөнхий сэдвийг хамарч байгаа учраас судалгаа нь холбогдоод байгаа юм. Чингис хаан, монголчууд Төв Евразид хэр нөлөөтэй байж вэ гэдэг нь шууд харагдаж байгаа биз.

Маш өргөн хурал болох юм байна даа. Хурлын үеэр өөр янз бүрийн арга хэмжээ төлөвлөв үү?

Олон улсын томоохон хурал хийж байгаа учраас зохион байгуулагчид соёлтой, сайхан арга хэмжээ болгон явуулахыг хичээж байна. Үзэх харах юм овоо байх болов уу. Хурлын үеэр Гадаад явдлын яам, МонЦаМэ агентлагаас Элчин сайдын яаманд ирсэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэнэ. Үүнээс гадна Элчин сайдын хүлээн авалт дээр дуучин Эрдэнэбатын Саран ая дуугаа өргөнө.

Бас нэг сонирхолтой арга хэмжээ гэвэл Монголын Эзэнт гүрний үеийн түүхийн талаарх номын цуглуулгыг танилцуулна. Манай элчин сайд Хасбазарын Бэхбат гуай өөрөө эрдмийн хүн, Чингис хаан болон Монголчуудын тухай англи хэлээр бичигдсэн номын арвин баялаг, нэн сонирхолтой цуглуулгатай хүн л дээ. Хувийн тэр цуглуулгаа сайд хүлээн авалтынхаа үеэр хуралд оролцогчдод сонирхуулах юм. Хуралд мандатаар оролцож байгаа бүх хүн тэрхүү хүлээн авалтад орж болно.

Өөр нэг зүйл гэвэл яг хурлын үеэр цагт баригдаад сайн танилцаж чадахгүй, асуух зүйлээ асууж чадахгүй тохиолдол гардаг. Тиймээс Ням гаригт зугаалга хийнэ. Тэр үеэр судлаачид сонсогчид жинхэнэ сайхан танилцаж, дотно яриа өрнүүлэх, холбоо тогтоох боломжтой.

Анхны хурлаасаа хойш нээрээ л үнэхээр өргөжин томорчээ, танай хурал. Их ч олон улсаас судлаачид ирэх юм байна. Миний бодлоор бол гадаад дотоодын монгол судлаачдыг таилцуулах, туршлага солилцуулах, хамтран ажиллуулах нэг чухал гүүр болж байна гэж дүгнэмээр байна.

Санал нэг байна. Ялангуяа тэр хамтын ажиллагаа гэдэг зүйл их чухал байгаа юм аа. Манай хурлаар нэлээд хэдэн чухал сургуулийн монгол судлалыг хариуцдаг улс ирэх учраас хамтын ажиллагаа, зарим газар монгол судлалыг хөгжүүлэхэд хэрхэн тус дэм болох тухай ярилцаж, санал солилцох боломж гарна. Өмнө хэлсэн МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, МУБИС-ийн Гадаад харилцааг эрхэлсэн дарга, мөн дээрх хоёр сургуулийн түүхийн тэнхмийн эрхлэгч нар ирж байгаа гэж. Мөн БНСУ-аас Ханкүкийн Гадаад Судлалын Их Сургуулийн Монгол судлалын салбарын эрхлэгч Д. Отгонцэцэг ирж оролцоно. Торонтогийн Их Сургуулийн профессор Жэннифер Пуртл гэхэд л тэндээ Монгол судлалыг үүсгэн байгуулах их сонирхолтой байгаа. Монгол нийгэмлэгийн Алисиа Кампи байнга хамтын ажиллагаа эрэлхийлж байдаг хүн.

Бас нэг хүн хэрэг болгож Берлинээс манайд ирж байгаа.  Эрдэмтэн Паул Буеллтэй Хорст Гөрцийн Хүрээлэнд хамт ажилладаг Юүэ Линг гэж хатагтай, ардын эм эмнэлгийн судалгаа Монголтой хамтарч хийх, оюутан солилцох хөтөлбөр сонирхож байгаа хүн. Манай БСШУ-ны сайдтай холбоо барьсан гэсэн. Тэр хүн бас хамтын ажиллагаа сонирхож ирнэ. Торонтод, Берлинд бас нэг Монгол судлалын голомт үүсгэчих боломж нөхцөлийг бүрдүүлээд өгвөл хурлын маань нэг томоохон зорилго бүтэх нь тэр ээ.

Дэлхий дахин дахь Монгол судлалыг Монгол улсын төр засаг өөрсдөө дэмжинэ гэж их ярьж байгаа. Хөтөлбөр, тогтоол энэ тэр ч гарсан байх. Ер нь бол яг л та бүгдийн хийж байгаа иймэрхүү ажлыг л хөрөнгө мөнгөөр, зохион байгуулалтаар дэмжих ёстой юм байна даа. Ийм том хэмжээний хурал хийхэд төвөөс санхүүгийн хир дэмжлэг авч байна вэ?

Хамгийн анхны хурлаа хийхээр зориглохдоо Монгол Соёлын Төвийн Удирдах Зөвлөлийн гишүүд бид бүгд нэг нэг зуун доллар гаргаад, мянгаад доллар босгон Элчин сайдын яамандаа хандаж байлаа. Тэрнээс хойш 5 удаа мөн л ийм маягаар өөрсдөө л бүхнээ сайн дураараа санхүүжүүлэн ажиллаж байна. Хурлаа сайн хийгээд байхаар Монгол судлалд элэгтэй улс дэмжээд эхэлсээн. Гуравдахь хурлаас эхлэн Виржиниа мужид маш амжилттай ажиллаж байгаа монгол компани болох Пирамид Гранит, захирал Дэлгэрцогт, Өлзийхуяг нар байнга ивээн тэтгэж ирлээ. Өнгөрсөн жилийн хурлаар манай Монгол Соёлын Төвийн хүндэт гишүүн Жак Вэдэрфорд гуай Хүннү гүрний 2220 жилийг ойг тохиолдуулан хуралд илгээлт ирүүлэхдээ 2220 доллар төвдөө хандивлаж биднийг баярлуулсан. Тэр хурал ч их сайхан болсон. Энэ жилээс Монгол нийгэмлэг, Монгол Америкийн Соёлын Холбоо гэсэн хоёр байгууллага биднийг мөн дэмжиж, байнга хамтран ажиллахаа илэрхийлэн, удирдагчид нь болох доктор Санж Алтан, доктор Алисиа Кампи нар хандив өргөсөн.

Ингээд л төвөөс, засгийн газраасаа ямар нэг мөнгө нэхэлгүй, авалгүй биеэ даагаад хурлаа хийгээд л байдаг юм даа. Гэхдээ нөгөө талаас нь бодвол хурлыг Элчин сайдын яам манай хоёр хамтран зохион байгуулдаг учраас, элчин сайдууд маань байнга дэмжиж ирсэн учраас, ЭСЯ төрийн төлөөлөл байгууллага учраас бид бас төрийн дэмжлэг орж байна хэмээн бэлгэшээн үздэг юм.

Ер нь бол Вашингтон хотноо нэгэнт үүсээд байгаа цогц маягийн энэ Монгол судлалын голомтыг төрөөс системтэй дэмжвэл ирээдүй байгаа шүү.

Цогц... гэдэг үг содон сайхан сонстож байна. Монгол судлалын хурлаас гадна өөр бусад зүйлс байна гэсэн үг үү?

Монгол судлал ид мандаж байсан үед социалист, капиталист хоёр ертөнцийн судалгаанд ерөнхий нэг хандлага байж л дээ. Капиталистууд дайснаа илүү нарийн судалдаг, социалистууд найз нөхрөө илүү судалдаг. Тийм ч учраас та бидний анд найз байсан Унгар, Чехословак, Польш, Ардчилсан Герман...бас дайсан байсан АНУ, ХБНГУ, Франц бүгд мундаг сайн монгол судлалтай байлаа. Ялангуяа АНУ-д зөвхөн Индианагийн Их сургууль төдийгүй Харвард, Вашингтон, Калифорнын их сургуулиудад ч монгол судлал чухал судлагдахуун болж байсан юм.

Гэтэл төмөр хөшиг нээгдсэнээс хойш соц улсууд ч өөр өөрийнхөө амийг тээгээд, кап. улсууд нь болохоор нэгэнт Монгол ардчилсан улс болсон болохоор сонирхолтой судлагдахуун биш болоод, хаа сайгүй Монгол судлалын хүрээ хумигдсан нь бол яах аргагүй үнэн. Чухам ийм үед манай төр засгийнхан энд тэнд монгол судлалыг хөгжүүлнэ, өөрсдөө идэвх санаачилга гаргана гэж ярьж байгаа нь маш зүйтэй юм. Монгол Соёлын Төвийн бидний хэдэн нөхөд ч тэр, АНУ-ын нийслэл Вашингтон хотноо монгол судлалын нэг голомтыг үүсгэхээр чармайн ажилласаар ирлээ.  Энэ бүхний үндсэн дээр цогц гэж хэлж болох төвийг бий болгоод байгаа юм аа.

Юуны өмнө энэхүү хурал байна. Жил бүр өргөжин тэлж байна. Гэхдээ жилдээ ганцхан удаа болдог учраас хангалтгүй, Вашингтон хот орчим аж төрж буй монгол судлаачид, монгол судлалыг сонирхогч иргэдийг байнга уулзуулж байх хэрэгтэй. Тиймээс бид “Монгол судлалын цуврал лекц” хэмээх үйл ажиллагааг санаачлан, мөн л Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулдаг. Хамгийн сүүлд 22 дахь удаагийн лекцийг саяхан Ш.Бира гуай уншсан байх жишээтэй.

Монгол судлалын нэг чухал элемэнт бол монгол хэл бичгийн хичээл юм. Энэ хавийн их дээд сургуулиудад монгол хэл, бичиг албан ёсоор заадаггүй учраас бид хэд хэдэн аргаар энэ цоорхойг нөхөж байна. Юуны өмнө Монгол Соёлын Төвийн дэргэд байгуулагдсан Монгол хэл бичгийн төвдөө хүмүүст хувиараа хичээл зааж байна. Их сургуулиуд ийм ховор, тэр бүр заагддаггүй хэл соёлын хичээлийг хувиараа заалгахыг зөвшөөрдөг, дараа нь бас шалгалт авдаг юм. Яг ийм шугамаар Мариландын их сургуульд уртын дуугаар доктор хамгаалсан судлаач бүсгүй, Вэслэений их сургуульд хөөмийгөөр мастер хамгаалсан залуу биднээр хэлээ заалгаад, зэргээ амжилттай хамгаалсан. Яг одоо гэхэд л бид Вашингтоны Их Сургуульд монгол утга зохиолоор доктор хамгаалахаар сурч байгаа залууд монгол хэл, Торонтогийн их сургуулийн профессорт монгол хэл, монгол бичиг аль алиныг зааж байна.

Өөр нэг арга бол Монгол Соёлын Төвийн бас нэг монгол хэлний багш Ц.Наранцэцэг Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Мэйний их сургуулийн албан ёсны хөтөлбөрөөр онлайнаар монгол хэл сүүлийн гурван ч жил заачихлаа. Америк Канадын аль ч их сургуулийн оюутан энэ хичээлийг авснаар Мэйний их сургуулийн албан ёсны кредит тооцуулж чаддаг.

АНУ-ын их дээд сургуулиудын маш олон хөтөлбөр гадаад хэлний тодорхой мэдлэг шаардаг, Монголд амьдарч байсан, хэлтэй залуус монгол хэлээ үнэлүүлэх шаардлага бас их гардаг юм. АНУ-ын 12 яам, агентлагаас хүлээн зөвшөөрдөг “Албан ёсны тестчин” хэмээх зиндаатайн хувьд монгол хэлний түвшинг тогтоох ажлыг бас хийж байна.

Монгол Соёлын Төвд маань мэргэжлийн уран бүтээлчид, дуучин (Э.Саран), бүжигчин (Дэлгэрмаа), хөөмийч (Лувсандагва, Өлзийсайхан), зураач (Д.Цолмон) байдаг. Тэднийхээ тоглолт, уран бүтээл дээр Монголын түүх, соёл, монгол бичгийн тухай лекц сэлтийг бэлдэж нэмээд Монголыг танилцуулах эвтэйхэн өдөрлөг маягийн арга хэмжээ сэдсэн байгаа. Жижгэвтэр хөөрхөн баг болж аваад ихэнх тохиолдолд бүх зардлаа өөрсдөө гаргаад, ийш тийшээ явж Монголыг сурталчилсаар одоо бүр сурцтай болчихсон. Сүүлийн гурван сард гэхэд л Балтимор дахь Жон Хопкинсын Их Сургууль, Торонтогийн их сургууль, Филадельфигийн олон нийтийн коллеж дээр, гурван ч ийм цогц арга хэмжээ зохиолоо.

Энэ бүгдийг харахад Монгол судлалын элемэнтүүдийг бага боловч бүрдүүлсэн байгаа биз?  Монгол судлаын хуралтай, байнга уулзаж хэлэлцдэг лекц-семинартай, орчин цагийн болон сонгодог монгол бичгийн хэлний хичээлтэй, шалгадаг үнэлдэг тогтолцоотой, соёлын үзүүлбэртэй... Гагцхүү эрдэм шинжилгээний тогтмол хэвлэл дутаад байсан, харин энэ жилээс эхлэн Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнтэй хамтарч ажиллаж байгаагийнх, хурлын материалууд болон цуврал лекцүүдээ хэвлээд байх судалгааны сэтгүүлтэй болж байгаа.

Хийсэн бүгдээ эргэж харахад Монгол Соёлын Төв, Монгол Улсын Элчин Сайдын Яам өөрсдийн хүчээр АНУ-ын нийслэлд оч нь бүдэг ч бай хамаагүй, ямар ч байсан Монгол судлалын нэг голомт үүсгэчихжээ гэж бардам хэлэхээр байна. Цаашид дүрэлзэн асах эсэхэд нь төр засаг, Монгол улсын маань нөлөө дэмжлэг их чухал байх нь гарцаагүй. Гэхдээ бас яг одоо биднийг дэмжихгүй бол унаад өглөө шүү гээд айлгаад, уйлаад байхгүй, цаашид ч чармайн ажиллах л болно.

За баярлалаа. Сүүлчийн асуулт. Эрдэм номын биш улс танай хуралд зүгээр сонсогчоор оролцох боломж бий юү? Гадаад дотоодын олон эрдэмтний үг илтгэлийг сонсоод авбал монголчуудад маань хэрэгтэй юм даа.

Хурал олон нийтэд нээлттэй. Хэн ч оролцож болно. Гэхдээ шууд тэр өдрөө гэнэт сонирхолтой санагдаад, хүрч ирээд бүх үйл ажиллагаанд оролцчихно гэж байхгүй л дээ. Илтгэл тавьж буй улсынхаа адилаар урьдчилан бүртгүүлж, мандат авсан байх учиртай. Мандат авсан хүн бол яг л илтгэгч нарын адил хурлын бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцох эрхтэй. Мандатын төлбөрт хурлын хоёр өдрийн өглөөний цай, өдрийн хоол, тарааж өгөх материал, Элчин сайдын хүлээн авалт, Ням гаригийн зугаалга, нийт оролцогчдын дурсамжийн гэрэл зураг... гээд бүгд багтсан байгаа. mongolianculturalcenter@yahoo.com хаягаар хандаж оролцох зааваа авч болно.

Хурлын тань үйл хэрэгт өндөр амжилт хүсье.

Баярлалаа.

Ярилцсан Б.Номинчимэд

No comments:

Post a Comment