Thursday, April 25, 2013

Р.Хоролжав: Усаар зургаа дахь мэдрэхүйг судлах боломжтой
Bookmark and Share

Р.Хоролжав: Усаар зургаа дахь мэдрэхүйг судлах боломжтой
Физик технологийн хүрээлэнгийн Биофизик, биотехнологийн салбарын ахлах эрдэм шинжилгээний ажилтан доктор (Ph.D) Р.Хоролжавтай усны тухай ярилцлаа.
-Усны бусдаас ялгарах онцлог нь юу вэ?
-Усны өнгө, үнэрээс эхлээд түүний шинж чанарыг тусгасан усны стандарт гэж байдаг. Усанд физик химийн есөн өвөрмөц гажиг (шинж) бий. Тэдний нэг нь хөлдөхөөрөө их тэлдэг шинж. Ийм физик шинж зөвхөн усанд л байдаг. Мөн орчин үед усыг мэдээлэл хадгалах, дамжуулах шинжтэй гэж үзэх болсон.
Усыг хэт авиагаар үйлчлэхэд дотор нь кавитацийн бөмбөлгүүд (радиус нь 50нм-0,1мм) үүсдэг. Тэр бөмбөлгүүд хагарахдаа гэрэл цацруулдаг. Үүнийг 1934 онд Германы эрдэмтэн Френцель, Щультес нар бүртгэж авсан түүхтэй. Үүнийг усны дууны хими люминесценцийн (сонохемилюминесценци) үзэгдэл гэдэг. Онолын хувьд яагаад гэрэл гардгийг өнөөг хүртэл нарийн нэгдсэн тайлбарт хүрч чадаагүй л байна. АНУ-ын эрдэмтэд дулааны үзэгдэл, хар биеийн цацаргалт гэж үздэг. Харин Оросын онолын физикчид цахилгаан цэнэгүүд үүсэхтэй холбоотой үзэгдэл гэж ярьдаг.
-Үүнийг мэдэх нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Усны люминесценцийг судалснаар усны дээрх өвөрмөц шинжийг нарийн мэдэх, ингэснээр усыг цэвэрлэх, хандлах, усанд байгаа бусад мэдээллийг гаргаж авах боломжтой. Цаашлаад зургаа дахь мэдрэхүй гэж байдаг бол үүний нууц нь усанд хадгалагдаж байгаа гэсэн таамаглал бий. Өөрөөр хэлбэл зургаа дахь мэдрэхүйг усаар дамжуулж судлах боломжтой болно гэж үздэг.
-Усыг рашаан, хүний биед сайн муу гэж ангилдаг. Рашаан, энгийн ус хоёр шинжлэх ухааны хувьд ямар ялгаатай байдаг вэ?
-Рашаан ус гэдэг нь эрдэстэй усыг хэлдэг юм билээ. Эрдэс гэдэг нь хүний биед хэрэгтэй микро элементүүд. Хүний биед хэрэгтэй кали, кальци зэрэг химийн микроэлиментүүд байна гэсэн үг. Тухайлбал, нүдний рашаан гэхэд нүдэнд тустай элементүүд агуулагдсан байдаг.
-Монголчууд шинжлэх ухаан хөгжөөгүй байхад “Энэ нүднийх, энэ нь ходоодны рашаан” гээд тогтоочихсон байдаг. Яаж тухайн рашааныг нүдэнд сайн гэж мэдсэн байдаг юм бол?
-Өөрсдөө хэрэглэсэн туршлагаараа л мэдсэн байх. Тухайлбал нүд нь бүрэлзээд эхлэнгүүт уг рашааныг ууж, нүдээ угааж үзээд хараа сайжирч байхыг анзаарснаар бусдадаа хэлдэг байж. Энэ нь ам дамжин үеэс үед уламжлагдсаар нүдэнд сайн гэдэг нь олон жилийн практик хэрэглээний үр дүнд нотлогдсон болов уу гэж боддог. Эрт дээр үеэс “Нүдний рашаан” гэж үзсээр ирсэн усыг сүүлийн үеийн багаж ашиглаад шинжлэхээр дотор нь нүдэнд сайн эрдэс байдаг нь гайхалтай.
-Монголчууд “Ус чандмана эрдэнэ” хэмээн сургаж, усны ач тусыг үр хүүхдээ уламжлуулсаар ирсэн. Ямар аргаар таньж мэдчихээд усны ач тусыг ухуулсаар ирсэн байдаг вэ?
-Хүний биеийн эсийн 70-85% нь ус байдаг шүү дээ. Гэтэл 10-20% нь уураг байдаг. Эндээс үзэхэд ус хүний биед ямар их чухал болох нь харагдаж байна. Энэ утгаар ойлгоход ус үнэхээр чандмана эрдэнэ. Монголчуудад шинжлэх ухаанаас урьтаж таньж мэдсэн зүйл олон бий. Тэдний нэг нь мөсийг хайлуулж уух нь хүний биед тустай гэдгийг мэддэг байсан явдал. Өөрөөр хэлбэл ус хөлдөхдөө өөрийнхөө бохирдлыг холдуулж, хамгийн цэвэр хэсгээсээ эхлэж хөлддөгийг монголчууд эртнээс мэддэг байлаа. Гэтэл үүнийг шинжлэх ухаан сүүлд таньж мэдсэн байдаг.
Мөн монголчууд ядам хуруундаа мөнгөн бөгж зүүдэг нь учиртай. Сэржим өргөхөөр мөнгөн бөгжтэй ядам хуруугаа хортой ус, архинд дүрэхэд бөгжнийх нь өнгө хувирдаг байхгүй юу. Үүнийг шинжлэх ухаан бас л хоцорч нотолсон.
-“Ширгээсэн ус эм” гэж ярьдаг. Энэ үг шинжлэх ухааны хувьд нотлогдсон уу?
-Бүр “Гуравны нэгээр ширгээсэн ус эм” гэсэн маш тодорхой үг байдаг. Бид сонохемилюминесценцийн багаж ашиглан хэмжилт хийж үзсэн. Үнэхээр гуравны нэгээр ширгээсэн усны сонохемилюминесценцийн эрчим маш өндөр гарч байсан. Өөрөөр хэлбэл ийм ус нь хүний биеийн хүчил, шүлтийн харьцааг тэнцвэржүүлдэг гэсэн үг. Мөн дөрөвний нэг, тавны нэгээр ширгээсэн усан дах сонохемилюминесценцийг ч хэмжиж үзсэн. Тэгэхэд гурав нэгээр ширгээсэн ус шигээ өндөр үзүүлэлтэй гараагүй.
-Та өөрөө өглөөд ус уудаг уу?
-Өглөө босоод нэг аяга буцалсан ус уудаг. Тэр нь яг биеийн температуртай адил бүлээн ус байх хэрэгтэй. Нэг их халуун байх хэрэггүй, бүр хөргөчихвөл усан дахь, хүний биед хэрэгтэй зүйлүүд нь үгүй болчих учраас үр дүн муутай. Гэхдээ яг гуравны нэгээр ширгээсэн ус ууж чадахгүй л байна.
-Хүмүүс бас тарнидсан усыг уух тохиолдол бий?
-Бид ламын тариндсан усыг судалж үзэхэд өөрчлөлт ажиглагдаагүй. Японы эрдэмтэн Эмото Масаругийн хэлж байгаагаар усны кластер бүтцэд орж байгаа өөрчлөлтийг шингэн төлөвт нь нотлох боломжгүй, тиймээс хөлдөөж байгаад нотолсон байдаг. Тодруулбал, шингэн төлөвт байгаа усны бүтцийг сайн судлаагүй гэсэн үг.
-Усны бохирдол гэж их ярих боллоо. Энэ үнэхээр тулгамдсан асуудал мөн үү?
-Шуудхан хэлэхэд ус үнэхээр үнэгүй байна. Гэхдээ аяндаа үнэтэй болно. Бид Улаанбаатар хотоос хойш байгаа Шарга морьт, Жигжидийн амнаас эхлүүлээд Биокомбинат хүртэл явж усны бохирдлыг шинжилсэн.
Усны TDS буюу усанд ууссан бодисын хэмжээ хотын төв рүүгээ их байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас усыг 0-60 ppm бол хэрэглэхэд онц сайн, 60-120 ppm сайн, 120-180 ppm дунд, 240 ppm-ээс дээш бол хэрэглэх боломжгүй, заавал цэвэрлэн хэрэглэх ёстой гэж үзсэн байдаг. Гэтэл дунд голын усных 380-400 ppm, Туул голын ус Зайсан гүүрнээс дээш 40-60 ppm түүнээс доош бохирдсоор байгаад “Хархираа” өнгөрөөд 140-180 ppm гарсан.
Улаанбаатар хотын 2000 орчим жорлон байна. Түүний нян хөрсний усанд шингэж таарна биз дээ. Гэдэсний халдварт өвчин их гараад байгаа нь үүнтэй холбоотой. Богд уулан дээр шахам 210 метрийн гүний худгийн ус эрдсийн агууламж ихтэй ус болох нь тогтоогдчихоод байна гээд бод доо.
-Манай улсын усны бохирдол дэлхий нийттэй харьцуулахад яг ямар түвшинд байгаа вэ?
-Дэлхий хэмжээнд авч үзвэл бохирдлын хувьд гайгүй. Маш цэвэр цэнгэг устай гэж үздэг. Гэвч Улаанбаатар хотын төвлөрсөн түгээгүүрийн усны механик хольц, тухайлбал зэв ихтэй байдаг. Ийм усыг заавал шүүж уух хэрэгтэй.
-Манай “Хархираа” цэвэрлэх байгууламж усыг цэвэршүүлээд нийлүүлэхдээ яг стандарт нийцсэн ус голд нийлүүлэх чадвартай юу?
-Манайх 96 хувь хүртэл цэвэрлэх чадвартай гэж ярьдаг юм билээ. Тэр ч юу л бол доо. Намар нэг эрдэм шинжилгээний хурал болсон. Түүн дээр манай цэвэрлэх байгууламж үнэхээр хоцорч байгааг олон хүн хэлсэн. Ус ховордоод ирэхийн цагт зүгээр урсаж байгаа Сэлбэ голын усыг хүртэл цэвэрлэж уух шаардлага тулгарна.
-Ус ховордох нь шинжлэх ухааны хувьд тодорхой болчихсон асуудал уу?
-Усны хомсдлыг экологийн тэнцвэр, голын эхний модыг огтолсон зэрэгтэй холбож тайлбарлаад байгаа. Үнэндээ газрын гадаргын ус хөрсний гүн рүү орох үзэгдэл ажиглагдаж байгаа юм билээ. Тиймээс манайханд хөрсний бүх усыг цэвэрлэж хэрэглэх чадвартай болох шаардлага байна.
-Усыг хаяхгүйгээр 100 хувь цэвэрлээд ашиглах боломжтой юу?
-Тийм боломж байгаа. Хаяхгүй байхаас ч өөр аргагүй. Өөрөөр хэлбэл бохирын усыг ч гэсэн хаялгүйгээр цэвэрлээд ашиглах шаардлага тулгараад байгаа. Цасны шар усыг ч гэсэн зүгээр ингээд урсгаад алга болгочихмооргүй. Цөөрөм үүсгээд цэвэрлэх, ундны биш юм гэхэд өөр зориулалтанд хэрэглэх хэрэгтэй. Усыг цэвэрлэдэг хэт авианы, цахилгаан ниргэлийн, плазмын, хэт ягаан туяаны гээд олон шинэ технологиуд гараад ирсэн, мөн байгалийн цэвэр түүхий эд, эрдэс чулуу ашиглах зэрэг аргууд байдаг. Тухайлбал, бид циолет, турмалин зэрэг эрдэс бодис ашиглаж усыг цэвэршүүлэх туршилт хийж үзсэн. Уг чулуулаг эрдэс бодисыг ашиглаад усыг цэвэрлэх боломжтой.
-Улаанбаатар хотын нийт хүн амд хүрэлцэхүйц усыг цэвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барихад хэр хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?
-Тийм тооцоо одоогоор хийгдээгүй байна. Гэхдээ энэ асуудлыг хялбархан шийдэх боломж бий. Одоо ч бидний хэрэглэж байгаа ус дээр үеийн төмөр хоолойгоор гүйж байгаа учраас маш их зэвтэй байдаг. Бас нэг аюултай юм нь хлороор цэвэрлэж байгаа явдал. Монголоос өөр оронд хлороор ус цэвэрлэхээ больчихоод байгаа.
-Хлороор цэвэрлэхын муу тал нь юу вэ?
-Үргүй болгодог, уушигны астам, хортой, хоргүй хавдар үүсгэдэг гээд л олон муу зүйл бий. Дэлхий нийтээрээ хлороос татгалзчихаад байна.
-Дэлхий дахинд усыг яаж цэвэршүүлж байна вэ?
-Цахилгаан хүчдэл дундуур урсгаад цэвэрлэх, хэт яагаан туяагаар цэвэрлэх гээд олон аргыг хэрэглэж байна.
-Шинжлэх ухааны хувьд усгүйгээр амьдрах боломж байна уу?
-Мэдээж хэрэг энэ бол ямар ч боломжгүй зүйл. Тэмээ л 40 хонодог юм гэнэ лээ. /инээв/
-Шээсээ цэвэршүүлж уугаад байх боломж байгаа биз дээ?
-Тэр харин юу л бол. “Ус эргүүлэх” гэж шашны зан үйл байдаг гэсэн. Шээсээ цэвэршүүлэхгүйгээр уугаад байдаг юм гэнэ лээ.
-Төгсгөлийнхөө асуултаар хувийн чанартай нэг зүйл асууя. Та яагаад ус судлах болсон юм бэ?
-Би дууны хими гэдэг шинжлэх ухааныг судалдаг, тэгээд ус судалдаг чиглэл рүү орчихсон хүн. Дууны хими гэдэг нь дуу усанд үйлчлэхэд ямар химийн урвал явагдаж байгааг судална гэсэн үг. “Ус ба амин хүчил, пептид, уургийн усан уусмалын сонохемилюминесценцийн судалгаа” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

Алтангадас сэтгүүл
Албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв

No comments:

Post a Comment