Wednesday, June 12, 2013

Цус ойртолт хүн амын удмын санд заналхийлж байна


Монголчуудын дунд цус ойртолт ихсэж, ургийн бичгээ хөтөлдөггүйгээс гурав, дөрөв дэх үедээ цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэр бүл болох үзэгдэл түгээмэл болж байгаа талаар эрдэмтэд халаглаж байна. Энэ асуудал үндэсний аюулгүй байдал хийгээд хүн амын удмын сангийн аюулгүй байдалд харанга дэлдсэн үзүүлэлт болоод байгаа нь судалгаагаар нотлогджээ. Манайхан хэзээнээсээ өөрийн есөн үе дотор гэр бүл болохыг цээрлэж, үр хүүхдүүддээ зааж сургаж ирсэн. Харин өнөө үед энэ нь алдагдаж хамаатан садан ах дүүсийн дунд гэр бүл болох хэмжээнд хүрчихээд байгаа нь нууц биш.
Цус ойртолтыг ерөнхийдөө шууд ба, холуур цус ойртолт гэж хуваан үздэг. Шууд цус ойртолт нь ураг төрөл хоорондоо гэр бүл болохыг хэлдэг бол холуур цус ойртолт нь нэг сум, баг, аймгийнхан хоорондоо гэр бүл болохыг хэлдэг байна. Эндээс харахад манайхан холуур цус ойртолтонд нэгэнт өртөж байгааг харж болохоор.

Манай өнөөгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүтэц нь цус ойртолтод хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл болоод байна. 21 аймгийн 330 гаруй сум хэт жижигхэн бүтэц юм. Өөрийн аймаг сумаасаа холдож үзээгүй хүмүүс өөр хоорондоо суухаас аргагүй шүү дээ. 


Хуучин бол Түшээт хан, Сэцэн хан, Сайн ноён хан, Засагт хан хэмээх дөрөвхөн аймагтай байхад хогл газар отор нүүдлээр явж өөр хошууны хүнтэй гэр бүл болох нь элбэг байсан. Харин одоо үед уул уурхайгаас болж сүйдэж буй бэлчээрээ харамлан юун өөр сумын иргэдийг оторлуулах манатай болсон. Монгол орон сүүлийн арваадхан жилийн дотор бэлчээрийн талхагдалд бүрэн автсан хэмээх судалгаа бий. Тиймээс өөр аймаг суманд отор нүүдэл хийх нь үндэсэндээ байхгүй.

Хэзээнээсээ л мал дагавал ам тосдоно хэмээн ярьж хэлж үр хүүхдээ мал дээр гаргасанаар энэ уулыг давбал газар үгүй гэдэг Хуучин хүү шиг сэтгэлтэй хүмүүс олширч сумынхаа хэдэн хүнээс өөр хүнтэй уулзаж үзээгүй хүмүүс холуур цус ойртолт хэмээх чимээгүй тахалд нэрвэгдэж байна. Хүн амын дунд нэг багийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 85,4 нэг сумын хүн амын 73,9 нэг аймгийн хэмжээнд 86,1 хувийг эзэлж байна.

Энэ бол яах аргагүй үндэсний аюулгүй байдал, Монгол хүний удмын санд учирсан хамгийн том аюул юм.
Мөн зөвхөн хөдөөд ч гэлтгүй хотын залуус ч даяаршлагдсан нийгмээ дагаад бодол санаа нь өөрчлөгдөж ах дүү хамаатан садан ахмад настнаа хүндлэх нь бүү хэл таньж мэдэхгүй байна. Өнөөдөр захын нэг хүүхдээс асуухад өвөөгийнхөө бүтэн нэрийг мэдэхгүй байх нь энүүхэнд болж. Мэдлээ гэхэд өвөөгөөс цаадахыг хэлэх хүүхэд гарын арван хуруунд багтахаар байгаа юм. Иймээс л тэд ах дүү хамаатан садантайгаа гэр бүл болж үүнийх нь уршигаар төрөлхийн гаж хөгжилтэй хүүхдүүд ихээр төрөх боллоо. Уруул тагнайн сэтэрхий, нугас нь ивэрхий, тархи нь усаар дүүрсэн, өтгөний сүв нь битүү, хэвлийн урд талын хана байхгүй зэрэг гаж хөгжилтэй хүүхэд төрөх давтамж нь жил ирэх бүр нэмэгдсээр байна.

Тиймээс Монгол айл өрх бүр өөрсдийн ургийн бичгээ хөтөлж үр хүүхдээ ах дүү хамаатан садныг нь танилцуулах шаардлагатай юм. Мөн төр засгийн зүгээс цус ойртолт явагдаж байгаа орон нутгуудад хүн амын удмын сангаа хамгаалахад чиглэгдсэн бодлого боловсруулах хэрэгтэй байгаа юм.

Монгол газар шороонд Монгол гентэй хүн л дасан зохицоно. Тиймээс заавал цус ойртолтоос сэргийлж байна гээд гадаад хүнтэй суух албагүй юм. Харин ч улс орон маань эрлийз, хурлийз хүүхдүүдээр дүүрвэл Монгол улс минь мөхөж ч мэдэх юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн 

No comments:

Post a Comment