Монголчууд хариар тархан сууж, ажил хөдөлмөр эрхлэн, амь зуулгаа залгуулж явахдаа эх орноо гэх сэтгэлээ гээхгүйгээр, харин ч илүүтэй нандигнан хайрлаж, эх орноо зориг бардам төлөөлөх, таниулах, монгол соёл, зан үйл, уламжлал шинэчлэлийг гадаадынхны хүртээл болгох талаар ирмүүн, эрч хүчтэй ажилладаг олон залуучууд байдаг. Тэдний нэг нь Америкийн Вашингтон D.C. хотод үйл ажиллагаагаа явуулдаг Монгол соёлын төв билээ. Доктор М.Саруул-Эрдэнэ тэргүүнтэй тус төв монгол ахуй, соёл, хөгжил, өөрчлөлтийг америкийн нийтэд таниулах, хоёр соёлын ялгаа заагийг ойртуулах чиглэлээр олон сайхан ажлыг тасралтгүй, үр дүнтэй явуулж байдагт бид талархаж явдаг билээ.
Жил бүр монгол судлалын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсээр цуврал лекц уншуулах, монгол хүүхдийн зуны хэл соёлд суралцах зуслан ажиллуулах гээд олон ажлын анхдагч, санаачлагч нь Монгол соёлын төвийнхэн билээ.
Бид энэ удаад тэдний зохион байгуулсан бас нэг сонирхолтой ажлыг та нарт толилуулж байна.